Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2014.10.28/ БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзалт хийв.

Монгол Улсын Их Хурлын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзин тус корпорацийн газрын тос байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвийг танилцууллаа. Хятадын Үндэсний газрын тосны корпораци буюу CNPC нь газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч Хятадын хамгийн том компани төдийгүй дэлхийн хэмжээнд газрын тосны томоохон ордуудад инженерийн ажил гүйцэтгэн, үйлчилгээ үзүүлдэг компани юм. Хятадын 28 муж, ӨЗО-ыг хамарсан дамжуулах хоолойн болон хадгалах системтэй тус корпораци нь 70 гаруй оронтой хамтран ажилладаг байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус корпорацийн газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төв нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх газрын тосны холбогдолтой бүх мэдээлэл, үйл ажиллагааг хянаж, цуглуулж байдаг. Нийт нутаг дэвсгэр дээрх газрын тос болон хийн хоолойн нэгдсэн удирдлагын төвтэй болохын тулд 30.000 км шилэн кабель татаж, холбосон бөгөөд одоо хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийгдэж байгаа аж. Мөн энэхүү удирдлагын төвөөс ордуудын мэдээллийг харах, газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойнуудыг хянаж, тохируулга хийдэг болохыг Монгол Улсын Их Хурлын  даргад танилцууллаа.

Петро Чайна компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхааран ажиллаж буй болохоо Монгол Улсын Их Хурлын  даргад танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын  дарга З.Энхболд CNPC корпорацийн дэд захирал Ван Дунзинтэй хийсэн уулзалтын эхэнд, дагалдан яваа төлөөлөгчдийг танилцууллаа. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр талын худалдааг  2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын компаниудын хувь нэмэр их болохыг онцлов. Тэд уулзалтын үеэр байгалийн хий дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Сайншандын боловсруулах үйлдвэр гэх мэт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцалаа.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.