УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.17/ манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын депутат Евгения Юрьевна Лудупова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, Эрхэм хүндэт Евгения Юрьевнатай уулзаж буйдаа  баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, Оросын Холбооны Улс уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа нь стратегийн түншлэлийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар тус тус Монгол Улсад айлчиллаа. Манай хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа зохих түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа боловч эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх нөөц бололцоо их бий хэмээн хэлэв.

Мөн тэрбээр Парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны салшгүй хэсэг нь юм. Хоёр орны ард түмний төлөөлөл болох хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг онцлов.

Хатагтай Евгения Юрьевна Лудупова, Буриад Улсын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзах үеэрээ эмэгтэйчүүдийн нийгмийн болон эрүүл мэндийн, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож буй тухайгаа танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эдийн засгийн сайд Думнова Татьяна Гавриловна, албаны бусад хүмүүс байлцлаа.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.