-Орхон аймаг дахь “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал

боловсруулах үйлдвэрийн нээлт дээр

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг-

2014 оны 9 дүгээр сарын 5

Ноён Элчин сайд аа,

Эрхэм зочид оо,

Үйлдвэрийн хамт олон

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчийн хамтарч байгуулсан “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр нь 2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон байсныг ОХУ-ын “УРАЛГИПРОМЕЗ” нээлттэй хувьцаат компани хөрөнгө оруулж өнөөдөр дахин үүд хаалгаа нээж байна.

Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ цаг мөчтэй давхцан манай хоёр орны найрамдалт харилцааны баталгаа болсон “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллах Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орж байгаад миний бие ихээхэн билэгшээж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизов энэхүү үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн ирж оролцож байна.

Миний бие Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн инженерийн хувьд Уралын политехникийн дээд сургууль, Уралын уул уурхайн дээд сургууль төгссөн Орос, Монголын 10 гаруй инженерүүд энэ үйлдвэрийг сэргээн шинэчилж ашиглалтад оруулсан болохоор үнэхээр сэтгэл догдолж, найзуудаараа бахархаж байна. Энэ үйлдвэр Уралд төгсөгчид бидний төдийгүй Уралын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, профессоруудын бахархал байх болно.

Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 250 гаруй хүн тогтмол ажлын байртай болох бөгөөд жилд 3600 тн молибдены баяжмал боловсруулах юм.

Энэ нь үйлдвэржилтийн бодлогыг бүх талаар дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилгүйдлийг бууруулах Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна.

Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автоматчилагдсан учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр болсон байна.

“УРАЛГИПРОМЕЗ” 30 гаруй жилийн тэртээ өнөөдрийн Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад зураг төслийг нь хийж оролцож байсан институт байсан гэдгийг бид мэднэ. Өнөөдөр энэ институт тус үйлдвэрийг шинэчлэн сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ нь ОХУ-аас Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тийм учраас үйлдвэрийг дахин сэргээж ашиглалтад оруулахад бодитой хувь нэмэр оруулсан “УРАЛГИПРОМЕЗ” НХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга ноён Иван Васильевич Яковлев Танд гүн талархал илэрхийлье.

Таны энэ сайхан санаачлага манай хоёр орны бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал болж, Монгол оронд Монгол, Оросын хувийн хэвшлийн аж үйлдвэрийн салбарууд хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Оросын инженер, техникийн ажилтан, ажилчид үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангахад бүхий л мэдлэг боловсрол, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт би итгэж байна.

Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.