УИХ-ын дарга З.Энхболд жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцдог уламжлалтай. Тэрээр энэ жил Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт ирэх даваа гарагийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

УИХ-ын даргын зочлон очих Барилгын Политехник коллежийн хувьд анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд дөрвөн салбар 540 оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлсэн түүхтэй.

Барилгын Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.