Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНКирУ-ын Ерөнхий сайд Д.К.Оторбаев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.07.08 / хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайд Д.К.Оторбаев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол, Киргизийн харилцаа амжилттай хөгжиж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр хэмжээний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг хэмээн үзэж цаашид харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа дурдаад хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын бүлгүүдийн харилцаа, харилцан айлчлал чухал үүрэгтэйг хэллээ. Түүнчлэн хоёр тал соёл, түүх, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах өргөн боломж байгааг дурдаад үүнтэй холбогдуулан харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулж байх, нүүдэлчний соёлыг хамгаалах, сурталчлах чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр 2014 оны 6 дугаар сарын 22-27-нд болсон НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг дэмжсэнд талархал илэрхийлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улс, БНКирУ хоёулаа нэрээ дэвшүүлж, бие биенээ дэмжиж байгааг дурдлаа.

Ноён Д.К.Оторбаев Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд хамт яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулав. Тэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жокорку Кенешийн дарга Асылбек Шарипович Жээнбековт мэндчилгээ дамжуулаад айлчлалд нь амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.