“АРДЧИЛАЛ” сонин. 2007.10.30 №161/273/

 

МАХН-ын XXҮ их хурал єнгєрсєн долоо хоногт болж єнгєрсєн. Улс тєрийн хүчнүүд энэ хурлыг анхааралтай ажиглаж байсан нь мэдээж.

УИХ-ын гишүүн З.Энхболд уг их хурлын талаар ямар бодолтой байгааг нь сонирхлоо.

-МАХН-ын XXҮ их хурал болж, єндєрлєлєє. Урьд ємнє нь хаалттай болдог байсан их хурал энэ удаад нээлттэй боллоо. Таны ажигласнаар ямар хурал болов?
-Арваад жилийн ємнє манай Ардчилсан намд нэгдээгүй байсан Социал демократ нам гэж байсан. Тэр намын хєдєєнєєс ирсэн хүмүүс л ингэж ярьдаг байсан юм. Гишүүдээ харж үзэхгүй байна, мэдээлэл байхгүй, сонгуульд нэг ашиглаад хаячихдаг гэсэн бєєн гомдолтой хүмүүс байсан. Энэ их хурлаар ер нь тийм л юм ярьж байна билээ. Тэгээд 40 настай даргаа, 50 гарсан хүнээр сольчихоод шинэчлэлт гэж байгаа бол Хувьсгалт намын хуучинсагууд нь л дийллээ гэсэн үг. Гол нь намын шинэчлэл гэдгийг Ардчилсан намын хийсэн шинэчлэлтийг л хэлдэг юм. Хувьсгалт нам яахав хаалттай байсан хурлаа нээлттэй болгоод л. Ардчилсан болох гэж байна, бие биеэ шүүмжилж байна. Сайн л хэрэг шүү дээ. Тэгээд нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад хариулт єгч чадсангүй.

-Ямар асуудлуудад хариулт єгєх ёстой байсан юм бол оо?
-Хувьсгалт нам хариуцлага хүлээж байгаа нам. УИХ-ын 38. За тэр Батаагаа оруулаад 39 гэж байгаа байх л даа. Ямар ч байсан олонхи биш ч гэсэн УИХ-д хамгийн олон суудалтай нам. Ардчилсан намаас бусад намтай эвсэж, засгийн эрх барьж байгаа учраас хариуцлага хүлээх ёстой. Энэ нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад хариулт єгч, иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлийг шийдсэн бол энэ нам нам шиг болж байна гэж ойлгохоор байна. Гэтэл эдгээр асуудлын алинд нь ч хариулт єгсєнгүй. Зєвхєн хэн нь дарга болох вэ гэж үзээд бүтэн долоо хоног тєрийн ажил уялаа шүү дээ. Даргаа сольсноос єєр үр дүн харагдахгүй байна. Ажилгүйдэл, ядуурал, авлигатай яаж тэмцэх, 2008 оны улсын тєсвийг яахаа хэлсэнгүй. Тєрийн алба ийм том бүтэцтэй байгаад байх юм уу гээд олон зүйлд хариулт єгсєнгүй.

-Их хүлээлт дагуулсан хурлаас үр дүн гарсангүй гэж ойлгож болох нь ээ?
-Иргэд энэ хурлаас их зүйл хүлээж байсан. Яам тамгын газрыг цомхтгох, ажлын хариуцлага алдаж, нисдэг тэрэг унагаасан дєрвєн сайд, казино тоглосон гурван гишүүндээ ямар хариуцлага тооцох бол гэж харж, хүлээж байсан. Гэтэл бүх зүйл хуучнаараа л үлдлээ. Ялгаа нь гэвэл Хувьсгалт намын хоёрхон жилийн ємнє 20 саналаар ялагдсан хүн нь эргээд намын дарга боллоо. Хэдхэн саналаар ялсан намын дарга нь ялагдсан хүмүүстэйгээ хамтран ажиллаагүй юм уу яасан юм. Нєгєє ялагдсан хүн нь бас цєєхєн саналаар намын дарга боллоо шүү дээ. Тэгээд энэ хоёр бүлэглэлийн “зодоон” дунд Монголын тєрийн ажил зогсч байгаа нь харамсалтай.

-Түрүүн та Социал демократ намын 10 жилийн ємнєх хурал шил хурал боллоо гэлээ. Тэгвэл МАХН 10 жилээр хоцорч байна гэсэн үг үү?
-Орчин үеийн нам шиг нам болохын тулд 10 жилээр хоцорч байгаа. Яахав хувьсгалт намын 70-80 жил явсан захиргаадалтын тєр засагтаа шууд наалдчихсан байсан хуучны сахилга баттай намын хувьд болоод байсан л даа. Єнєєдєр нийгэм ардчилагдаад, олон намтай, мэдээлэлтэй боллоо. Олон сувгийн телевиз, сонин хэвлэл, интернэт гээд. Хуучин нэг нам, нэг телевиз, нэг сонинтой байлаа. Одоо бол єєр болсон. Улс тєр ч гэсэн ялгаагүй зах зээл шүү дээ. Сонгогч олон түмэнд таалагдаж эрхээ аваад улс орныг хєгжүүлдэг зах зээл гэсэн үг. Энэ улс тєрийн их зах зээлийн хэрэглэгч буюу сонгогчид ардчилсан нийгэмд амьдраад сурчихсан. Нэг нам нь таалагдахгүй бол сонгуулиар єєр намыг сонгодог эрхтэй боллоо. Энэ бүх шилжилт хийх явцад Хувьсгалт нам хуучин арга барилаараа явсан. Тэр арга барил нь явахгүй юм байна гэдгийг нь ойлгосон. Тэр бүхнээ засах нь уу гэдгийг бид хүлээж байлаа. Засч чадсангүй.

-Тэгвэл МАХН хэзээ орчин үеийн нам болж чадах бол?
-Орчин үеийн улс тєрийн нам болоход их хол зайтай байгаа нь харагдаж байна. Урьд нь Ардчилсан намыг хурлаа хийгээд дарга солиод бужигнахад муудалцаж байгаа юм шиг харагддаг байлаа. Хувьсалт намынхан шоолоод, ямар муухай юм, дандаа хэрэлддэж байдаг гэдэг байсан. Хувьсгалт намын ахмад гишүүд тийм зүйл үзээгүй их цочирддог байсан л даа. Хуучин МАХН тийм байгаагүй, дарга үг хэлэхэд ярс хийтэл гар єргєдєг байсан. Гэтэл єєрийнх нь намын ийм болоод ирэхээр нам хуучин гишүүд нь ойлгохгүй байна. Шинэ үеийн мэдээлэлжсэн нийгмийн улс тєрийн нам, дотроо ардчилалтай, санхүүжилт нь нээлттэй байдаг нам л улс тєрийн зах зээлд амжилт олдог.

-Их хоцрогдлоосоо гарч чадахгүй байгаа гэсэн үг үү?
-Хувьсгалт намын нэг хурлаас харахад болохгүй зүйл харагдаж байгаа нь гишүүддээ үйлчилдэг хаалттай тєрийн бус байгууллага шиг л байна гэж гишүүд нь ярилаа. 1992 оны Үндсэн хуулиас эхлээд намын гишүүдээ ажилд оруулдаг тогтолцоо байхгүй болсон шүү дээ. Улс тєрийн гэдэг нэртэй албан тушаал гуравхан мянга байдаг. Гэтэл хувьсгалт нам бол 160 мянган гишүүнтэй. 160 мянгаасаа алийг нь сонгож энэ албан тушаалд тавих билээ. Улс тєрийн намын гол зорилго бол гишүүдээ ажилтай болгох биш. Үүнийг Ардчилсан нам аль эрт ойлгосон. Ялангуяа улс тєрєєс хамаардаг тєрийн албаны системийг єєрчилж, улс тєрийн албан тушаал цєєхєн байх ёстой. Сонгуульд яллаа гэдэг нь намынхаа гишүүдийг ажилтай болгох биш гэдгийг бид аль эрт ойлгосон шүү дээ. Ардчилсан намын санхүүжилтийн зарчим бүгд ил тод болсон. Намын гишүүдээ сонгуульт, сонгуульт биш гэж хуваасан. Сонгуульд ялвал хэн ямар албан тушаалд очих нь тодорхой байдаг.

Намын дарга Ерєнхий сайд болно, аймгийн намын дарга аймгийн Засаг дарга болно гээд. Намын ажлын эцсийн үр дүн сонгуулиар тодорхой болдог гэх мэт олон зарчмын авч, хэрэгжүүлээд тєлєвшєєд явчихсан. Харин Хувьсгалт намд энэ шинэ нийгэмд намаа шинэчилж байж орохгүй бол болохгүй нь гэдэг дохио дєнгєж сая л хүрлээ. Тэр дохионы дагуу тэд ажлаа сайжруулах гэж оролдож байна. Сайн хэрэг. Намын их хурлын үр дүнг харах юм бол миний хэлсэн шиг шинэчлэл хийсэнгүй. Зүгээр л нэг фракц нь даргаа унагаж, нєгєє нь даргаа оронд нь тавилаа. Одоо тєрийн ажлыг дахиад хэдэн сар саатуулах нь л дээ.

-Тєрийн ажлыг яаж саатуулна гэж Засгийн газар огцорч, шинэ танхим бүрдүүлэхийг хэлж байна уу?
-Ерєнхий сайд нь єєрийнхєє фракцын хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлнэ гэнэ л дээ. Уг нь нэг л нам шүү дээ.

-Ерєнхий сайд намын даргыг салгана гэж их хурлын ємнє гишүүд нь их ярьсан. Тэр ч ёсоороо салгасангүй. Харин ч бүр шинэ даргатай боллоо. Тэгэхээр намын дүрмийн дагуу намын шинэ дарга Ерєнхий сайд болж таарах нь. Энэ их хурлын бас нэг үр дүн, шинэчлэлт биш гэж үү?
-Намын үйл ажиллагаа, тэр хүмүүсийн толгойд байгаа нам бол гэдэг хуучны ойлголтоосоо салах хэрэгтэй. Юу ч билээ. Манай эрин үеийн, нэр тєр ямар юмны эрх ч билээ дээ. Социализмын үед хэлдэг байсан юм. Мартсан байна. Хуучин нийгэмд Хувьсгалт намын гишүүн гэдэг бусад хүмүүсээс давуу эрх эдэлдэг, єндєр цалинтай, тусгай шалгуураар ордог ийм тусгай хангамжтай улсууд байлаа. Нам бол тєрийн дээр байна гэсэн хуучны сэтгэлгээнээс салж чадахгүй байна. Энд нэг жишээ хэлэе. Сая тэдний баталсан намын дүрмэнд Хувьсгалт намын УИХ дахь гишүүд намынхаа дохио зангаагаар ажиллана, нам шийдвэр гаргасан байхад єєрийн шийдвэр гэж байхгүй гэсэн. Үүнээс харахад л нам тєрийн дээр байгаа нь харагдаж байна. Уг нь УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог. Нам нэр дэвшүүлдэг. Тэгэхээр УИХ-ын гишүүд юуны ємнє ард түмэн, сонгогч олныг бодох ёстой. Эрэмбэ гэж байдаг бол эхлээд улс орны эрх ашиг тэгээд нам нэлээн доогуур байх ёстой юм л даа. Гэтэл намын эрх ашиг нь дээгүүрт. Манай намын нэр хүнд уначих гээд байгаа учраас тєрийн албаны шинэчлэлийг энэ удаад хийхээ болъё гэж ярьж байна шүү дээ. Засгийн газрыг цомхтгохыг хэдий чинээ хурдан хийнэ тєдий чинээ сайн байна. Намынхаа нэр хүндийг сонгуулийн ємнє уначих вий гэж айгаад байгаа нь тєрийн ажлыг хойш нь тавьж, намаа дээгүүрт тавьж байна гэсэн үг. Энэ мэтээр УИХ дахь МАХН-ын гишүүдийн ємнє намаа бодох уу, улсаа бодох уу гэсэн сонголт ирэхэд “Намаа бод оо” гээд шууд үүрэг єгч байна шүү дээ.

-Харин Ардчилсан намын гишүүдийн хувьд?
-Ардчилсан намын хувьд ийм зүйл байхгүй. Намын зайлшгүй зааснаар санал єгєх асуудлууд маш цєєхєн бий. Тэр нь таван одтой асуудал байдаг юм. Олонхи асуудал нь таваас доош одтой. Бид асуудлуудыг оруулж ирэхэд од тавьдаг юм л даа. Цєєхєн одтой байх тусам УИХ-ын гишүүд єєрийнхєєрєє санал єгєх эрхтэй байдаг юм. Намаасаа тасарсан, намынхаа үгэнд ордоггүй юм шиг харагдаж байгаа. Бид хэнээс сонгогдсон бэ гэдгээ үргэлж санаж байдаг. Манай нам ч гэсэн бүх асуудалд УИХ-ын гишүүдийг командлах гэж оролддоггүй. Бид ажиллах аргаа олчихсон, шинэ нийгэмтэйгээ зохицоод явж байна шүү дээ. Хувьсгалт нам бол тэгж чадахгүй байна л даа.

-Хувьсгалт нам хэзээ УИХ-ын гишүүдээ командлахаа больж, барьдаг байхаа болих бол?
-Хувьсгалт нам хэчээн хурдан шинэчлэгдвэл сайн. Бидэнд сул єрсєлдєгч хэрэггүй. Бидэнтэй эн зэрэгцэх єрсєлдєгч л хэрэгтэй байгаа юм. Бид Хувьсгалт намыг сайн байгаасай, шинэ нийгэмдээ зохицож ажиллаасай, тэр нь тєдий чинээ хурдан болоосой гэж амжилт хүсч байгаа юм. Тэрнээс одоогийнх шигээ бүлэглэл, фракц болчихоод хоорондоо үзэлцээд, бие биеийнхээ хийсэн зүйлийг сонин хэвлэлээр яриад л. Ингээд байвал тєрийн ажилд хортой.

-Тэгвэл МАХН-ыг Ардчилсан намтай эн зэрэгцэх єрсєлдєгч биш гэж ойлгож болох уу?
-Улс орныг удирдах, хєтєлбєр дэвшүүлээд хэрэгжүүлчих хэмжээний хоёрхон нам л байгаа шүү дээ. Бусад нь тэгж чадахгүй байгаа. 2008 оны сонгуульд Хувьсгалт нам Ардчилсан нам үзэж таарна. Бусад нь хаагуур байх нь бидэнд нэг их сонин биш.

-Хувьсгалт намын шинэ дарга С.Баяр танхимаа долоо хоногийн дотор бүрдүүлнэ гэж хэлсэн удаатай. Тэгэхээр шинэ Засгийн газрыг яаж бүрдүүлэх бол. Ардчилсан нам шинэ байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд орох болов уу?
-Ардчилсан нам орохгүй гэдгээ жилийн ємнє болсон хурлаараа хэлчихсэн байгаа. Энэ бол Хувьсгалт намын ажил. МАХН жижиг намуудтай нийлж, олонхи болж байгаа. Бид бол сєрєг хүчин. Сайдын ажил хийж чадахгүй хүмүүс оруулж ирэх юм бол шүүмжилнэ. Болмоор бол дэмжинэ.

-”Элсний 13″-аас шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд цєєнгүй нь орж ирнэ гэсэн таамаг ч байгаа?
-Яахав харъя. Болоогүй зүйлийг тааж яриад яахав. Тэр оруулж ирэх гэж байгаа нь 18 биш 10 сайд байх ёстой. Тєрийн ажлыг цомхон хийдэг байх ёстой. 1996-2000 онд есєн яам, арван сайдтай ажиллаж болоод байсан шүү дээ. Цомхон бүтэцтэй ажилладаг тэр систем рүү буцаж орохыг шаардана.

-Парламентын сонгууль болоход найман сар хүрэхтэй, үгүйтэй хугацаа үлдлээ. Ийм үе МАХН нь шинэ даргатай, Засгийн газрын шинэ кабинеттэй байвал ямар байх бол?
-Хувьсгалт нам тєрийн ажилд маш их саад болж байна. Сонгууль болохоос жил хүрэхгүйн ємнє Засгийн газраа солино гэдэг дахиад бєєн чирэгдэл. Нэг намын дарга солигдохоор Ерєнхий сайд нь солигдож байдаг нь ч хаашаа юм. Аль болох зардал чирэгдэл багатай, ард түмэндээ дарамт учруулахгүй явах ёстой. Хурлаа хийгээд нэг фракц нь нєгєєгєє цохиж унагаагаад, сайд нараа сольдог нь их л онцгүй жишиг юм байгаа юм.

-Сєрєг хүчний зүгээс биш хувь хүнийхээ үүднээс та XXҮ их хурлыг яаж ажиглаж байв. Хурал ямархуу болов. Таны хүссэн үр дүнд хүрч чадав уу?
-Миний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Гадуур явж байгаа, телевизээр ярилцлага єгч байгаа, телевиз рүү утасдаж байгаа хүмүүс “За даа ганц намын дарга єєрчлєгдсєнєєр шинэчлэл боллоо гэх нь юу л бол” гэж байна шүү дээ. Хүн солигдох нь чухал биш. Үйл ажиллагаа нь орчин үеийн шалгуурт нийцэх ёстой.

-Намын шинэ дарга С.Баяраас гишүүд нь их зүйл хүлээж байгаа гэсэн?
-Хүнээс хамаардаг, хүн бурханчилдаг үзэл байна. Тэр хүн л гарчихвал хамаг асуудал шийдээд єгнє гээд. Хүнээс хамаардаггүй юм. Хүнд итгэхээр системд итгэх ёстой юм. Намынхаа бичиг баримт, мєрддєг зарчмуудаа шинэчлэх ёстой, УИХ-ын гишүүдээ намаас үүрэг єгч дарамталдгаа болих хэрэгтэй. 1990 оноос ємнєх МАХН-ын хуучны хатуу систем тасрахгүй байна шүү дээ. Үүнийгээ єєрчилж, шинэчилж, орчин үеийн нам болох ёстой. Тийм єєрчлєлт нь байхгүй даргаа сольчихлоо гэвэл гэнэн ойлголт.

-Та түрүүн 40-тэй даргаа 50-тай хүнээр солилоо гээд шинэчлэгдэхгүй гэж хэлсэн. Намын даргад нас тийм чухал юм уу?
-Би энэ жил 41-тэй. Би социализмын үед амьдраагүй байхгүй юу. 1989 онд социализмын үед би сурсан болохоос ажил хийгээгүй. Тэгэхээр миний сэтгэлгээ єєр байгаа юм. 40 настангуудын сэтгэлгээ гэсэн үг. 50 настай хүн бол 10 жил хуучин системд ажиллачихсан байгаа. Маш сайн, гайхамшигтай хүн байж болно л доо. Гэхдээ тэр хүн зах зээлийн нийгмийн талаар буруу ойлголттой байдаг. Тэр хүний үзэл бодол яагаад ч єєрчлєгдєхєєргүй байгаа. 60 настай, зах зээлийн системийг сайн ойлгодог хүмүүс зєндєє бий. Хэдийгээр єєрєє хүссэн ч гэсэн тэр єєрчлєгдєхгүй. Тэр утгаараа Хувьсгалт нам шинэ үедээ зай тавьж єгєєч ээ. Нямдорж гишүүнтэй санал нэг байгаа. Энхболдыг намын даргад нэр дэвшүүлэхэд 40, 50 настнуудын ялгааны талаар хэлсэн шүү дээ.

-Нямдорж гишүүн яг юу гэж хэлсэн юм бэ?
-Миний ярьсантай тєстэй зүйл хэлсэн. “Бид шинэ хүмүүстээ зай тавьж єгєхгүй байна. 40 настай Энхболдын юу нь буруу болчихсон юм” гэсэн. 10 насны зєрүү гэдэг нэг үе шүү дээ. Энэ үе гэдэг чинь 1990 оны заагийг хэлээд байгаа юм. Хүмүүсийн сэтгэлгээнд байгаа юм. Хүрэлсүхийн хэлээд байдаг ч зєв. “Та нар зайгаа тавьж єгєєч, цаг чинь болчихлоо” гэж. Би бол залуу хүнээ хєгшин хүнээр солиод ухралт боллоо л гэж бодож байна. Энхболд нам дотроо хамгийн сайн хүн байгаа байх. Гэхдээ єєр сонголт байсан л байх.

-М.Энхболдын Засгийн газар хэд хэдэн удаа ганхаж байсан. Дээсэн дєрєєн дээр байгаа. Тэгвэл тэрээр одоо намын дарга ч үгүй, Ерєнхий сайдаасаа ч буух болчихоод байна. Цаашдаа М.Энхболдод ямар сонголт үлдсэн бол. Түүний фракцыг бас нэлээд хүчтэй гэдэг?
-Харж л байхаас. Би бол тэр намын гишүүн биш, хєндлєгийн хүн. МАХН-ын фракцын зєрчилд дүн тавиад байх утгагүй. МАХН аль болохгүй бүтэхгүй болгонд холбогдож байна. Онгоц унагааж, олон хүний аминд хүрсэн, гурван гишүүн нь казино тоглосон гээд энэ бүхэнд нам нь холбогдоод байна.

-Их хурлын тєлєєлєгчид бас хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа шүү дээ?
-Тєлєєлєгчдийн үгийг сонсоход олонхи нь хуучнаа санагалзсан шинжтэй байсан. Архангайн Цэцэрлэг сумын тєлєєлєгч Ломбо гэж хүн ТВ-5-аар ингэж ярьж байна билээ. Намын дарга, Ерєнхий сайд хоёыг салгах нь зєв үү, хамт байх ёстой юу гэж асуухад “Салгаж болохгүй. Санхүүжилтийн хувьд манай намд энэ хоёр суудал хамт байхад хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр тєсєвийн мєнгєєр намаа санхүүжүүлж байна шүү дээ. Ерєнхий сайд, намын дарга хоёр нэг байх ёстой юу гэвэл шаардлагатай. Гэхдээ намыг тєсвийн мєнгєєр санхүүжүүлж болохгүй.

-Сүүлчийн асуултын танд үлдээе?
-МАХН үүнээс хамаагүй илүү зүйл хийх ёстой. Хүссэн үр дүн энэ хурлаас гарсангүй. Олон нийт ч их зүйл хүлээж байсан.

Л.Номин