Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек нар айлчлалын үеэр яригдсан асуудлаар хоёр орны сэтгүүлчдэд өнөөдөр / 2014.06.24 / мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичекийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгааг онцоллоо.

Тэрээр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлсон талаар дуулгаад хоёр улс өнө эртний түүхийн хэлхээ холбоотой, ижил төстэй хэл соёл, өв уламжлалтай улсууд гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Түргийн Билгэ хаан, Күльтэгин, Мэргэн Тоньюкук зэрэг хаад, ноёдын хөшөө дурсгал манай улсын нутагт хадгалагдан үлдсэн тухай дурдлаа.

Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д Турк Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн тусгагдсаны дагуу хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой хэмээн УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглэв. Мөн тэрээр Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын гол зорилго нь хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өндөр дээд түвшинд хийх харилцан айлчлал, яриа хэлэлцээний залгамж чанар, давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгааг илэрхийлээд албан ёсны хэлэлцээний үеэр бид хоёр талын харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэх, манай талаас Туркийн хөрөнгө оруулалтыг орон сууц, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү оруулах сонирхолтой байна гэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн босгон дээр тохиож байгаа нь онцгой байр суурийг эзэлж байна гээд Турк болон Монголчууд түүхэн харилцаатай бөгөөд дэлхий дээрх олон жил оршин тогтнож байгаа цөөхөн үндэстнүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Турк, Монгол Улсын хооронд ямар нэгэн улс төрийн зөрчил байхгүйг онцлоод энэ нь цаашид хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжих явдал юм гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улс өөрсдийн олж авсан арвин их туршлагаасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Монгол Улсад хуваалцахад бэлэн байдгийг дурдаад боловсрол, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломж байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.