УИХ-ын гишүүн З.Энхболд: БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ТҮЛХҮҮ АНХААРЪЯ

2007.10.24

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ихсэж , манай улсын сан хөмрөгт орох ашиг нэмэгдэж байгаа хэмээн ярьцгааж буй. Гэвч Засгийн газар энэ жилийн төсвийн тодотголд төсөвлөсөн 1.9 триллион төгрөгийн 50 шахам хувийг нийгмийн халамжид зарцуулахаар төсөвлөж, бүтээн байгуулалтын ажилд харьцангуй бага хөрөнгө оруулахаар тусгажээ гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ талаар УИХ-ын З.Энхболдын байр суурийг сонирхож цөөн асуулт тавилаа.


-2008 оны төсвийн тодотголыг ихэнх төсвөө нийгмийн халамжид зарцуулахаар төлөвлөж, олигтой бүтээн байгуулалт алга байна гэх шүүмжлэл гараад байгаа?
-Манай төсвийн хамгийн сул тал нийгмийн халамжийн тал дээр маш их мөнгө үрж байна. Дахиад цаашид ч үрэгдүүлэхээр төсөв оруулж ирж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь өнөөдрийн байдлаар 70 хувь байдгийг 20 хувь буюу 50 хувь руу оруулъя гэсэн саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Ингэх юм бол ахиад 108 хүн халамжийн тэтгэвэр авдаг болох гээд байгаа юм. Бид, Засгийн газар, төсөв мөнгөний бодлогодоо шинээр ажлын байр бий болгох, хүмүүс өөрсдөө ажилтай болох, зээлийн хүүг бууруулах шинээр хөдөлмөр, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх асуудал дээр түлхүү анхааръя. Халамж бол хэтэрсэн. Халамжаа одоо улсын түвшинд зогсооё гэсэн байр суурийг баримталж байгаа. Төсвийн хэлэлцүүлгийн явцад нэлээд дэлгэрэнгүй болох байх аа гэж бодож байна. Өнөөдөр хүртэл, үндсэн чиглэл дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх төсвийн хувь хэмжээ 47 байсныг 35 болгоё гэж санал гаргалаа. Дэмжигдэж байгаа нь нийгмийн халамжаа хүрсэн түвшингээс нь ахиулахгүй байя, цаашид юм хийе гэсэн хүнээ дэмждэг, дэмжлэг туслалцааг бодлоготойгоор гаргая. Жижиг дунд үйлдвэрийн хууль
ч гарчихлаа. Агентлаг байгуулагдаж байна. Тэгэхээр энэ зорилгоор зарцуулагдах мөнгөний хэмжээг жил болгон нэмнэ. Мөнгө нь жинхэнэ юм хийх гэсэн хүндээ хүрч үр дүн нь мэдэгдэг, хэн нэгний арын хаалгаар явчихдаггүй байхаар ийм системүүдийг нэвтрүүлэх гэж төлөвлөж байна.
-МУ-ын эдийн засаг хөгжиж улсын санд орох мөнгөний хэмжээ нэмэгдэж байна гэж яриад байгаа. Гэтэл инфляци хоёр оронтой тоонд хүрчихлээ. Таныхаар бол эдийн засаг хөгжиж байна уу, эсвэл уруудаж байна уу?
-Тоон дүнгээр бол өсөж, томорч байгаа нь үнэн. Чанарын хувьд нэг ахиц гараагүй гэж би хэлнэ. Яагаад гэвэл төсвийн орлогын тавин хувь нь нэг төрлийн бизнес гэвэл буюу ашигт малтмалаас хамаарч байна. Нэг салбараас ингэж их хамаарах нь өөрөө эрсдэлийг дагуулдаг. Хэрвээ энэ салбарын ашиг, алт, зэсийн үнэ буурлаа гэхэд л энэ бүх өсөлт чинь хөөс шиг алга болчихно. Нэг салбар дээр тулгуурласан эдийн засгаа олон салбар луу хувааж, эдийн засгаа олон төрөлжүүлэх нь манай улсын зорилго байх ёстой. Энэ зорилгоор урамшууллуудыг хийж байж, хэзээ нэгэн
цагт буурч магадгүй металлын үнийн өсөлтөд үргэлж бэлэн байх ёстой. Тиймээс төсөв өссөний хэмжээгээр урсгал зардал ихсэхийг би дэмжихгүй байгаа. Урсгал зардал гэдэг металлын үнэ буурахад дагаж буурч болохгүй зардал. Нэгэнт хүнд өндөр цалин, тэтгэвэр өгчхөөд буулгаж болохгүй шүү дээ. Юу буцаж болдог вэ гэвэл хөрөнгө оруулалт. Энэ жил сургууль барилаа, дараа жил дахиад сургууль барих мөнгө гарахгүй шүү дээ. Тиймээс олсон жаахан мөнгөө үр дүнтэй зарцуулж, ирээдүйн өсөлтийн эх үүсгэврийг мөнгөний боломжтой дээрээ тавих нь чухал байгаа юм. Түүнээс биш өнөөдөр олсон мөнгөө өнөөдөртөө идэж дуусгаад байх юм бол үнэ буурч, уул уурхайн бизнес зогслоо л бол улс орон дампуурах аюултай. Тийм явдалд хүргэхгүйн тулд 35 хувиар хязгаарлалт хийе, ирэх жилийн урсгал зардлыг энэ жилийн урсгал зардалтай нь нийлүүлж инфляцийн түвшингээр нэмэгдүүлье гэсэн бодлого баримталж байна.
-Түүнээс гадна УИХ-ын гишүүд төсвийн үеэр өөрийнхөө тойрогт их хэмжээний төсөв батлуулахаар улайрцгаадаг ?
-Энэ жилийн хувьд тийм юм байхгүй. Өнгөрсөн жил маш их шүүмжлүүлсэн. Энэ жил тойрогт хуваарилах төсөв гэж байхгүй бөгөөд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг улс орны хэмжээний нийтлэг асуудлуудад зарцуулахаар чиглүүлсэн. Өөрөөр хэлбэл, тойргийн тухайлсан мөнгө гэдэг ойлголтыг оруулаагүй. Гишүүдээс ч санал гаргаагүй.