Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү нар / 2014.04.26 / Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд зохион байгуулсан “Оюуны өмч- Төрийн алтан сан” үзэсгэлэн яармагт оролцлоо.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр 4-р сарын 26-ны өдрийг Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ өдөрт зориулан өнөөдөр Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбоотой хамтран “Оюуны өмч- Төрийн алтан сан” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний баялаг бүтээгч, шинийг санаачлагч, компаниуд өөрсдийн бүтээл туурвил, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж олон нийтэд танилцуулсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн гол зорилго монголын шинийг санаачлагчдын бүтээлийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, тэднийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох явдал аж. Ингэснээр оюуны бүтээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг нээж өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний  холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү нар Чингисийн талбайд дэлгэгдсэн үзэсгэлэнтэй нэг бүрчлэн танилцахын зэрэгцээ төр засгийн зүгээс татварын бодлогоор дэмжиж, монголдоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлт олгох замаар дэмжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдэв.

Түүнчлэн УИХ-ын дарга шилдэг инженерүүд болон залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.