Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хуралд ивээн тэтгэгчээр оролцож байгаа бизнесийн төлөөллийг өнөөдөр / 2014.04.16 /  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд “Эврика” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэн оролцож байгаа бизнесийн төлөөллийнхөнд талархал илэрхийлээд, залуу эрдэмтдийг дэмжиж байгаа энэхүү ажлаа улам өргөжүүлэн тогтмолжуулж, урт удаан хугацаагаар үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн тэрээр Монгол Улс шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгааг хэлээд, цаашид компаниудын хүсэлтээр тодорхой салбарт мэргэжилтэн бэлтгэх бол төрийн зүгээс бүрэн дэмжиж, төрийн сургалтын сангийн тэтгэлэгээр сургах боломжтойг онцоллоо.

Бизнесийн төлөөллийнхөн боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах , сургалтыг дадлага хийх байдлаар зохион байгуулдаг байх хэрэгтэй зэрэг олон чухал саналуудыг УИХ-ын даргад уламжиллаа.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.