УИХ-ын дарга  З.Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр /2014.03.13/

Солонгосын Аж Үйлдвэрийн комплексийн корпорацид зочилж, өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлагаас хуваалцлаа. Аж үйлдвэрийн комплексийн корпорацийн ТУЗ-ийн дарга Кан Нам Хүн болон Аж Үйлдвэрийн комплексийн корпорацийн Сөүл дэх төвийн захирал Чой Жон Тэ,  Бодлого төлөвлөлтийн газрын дарга Юн Чан Бэ нар УИХ-ын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. БНСУ-ын Аж Үйлдвэрийн цогцолборын түүхийг бүтээсэн, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, гадаад худалдааны эргэлт, аж үйлдвэрийн салбарын өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Аж үйлдвэрийн комплексын корпорацид хамрагдаж буй 800 гаруй аж үйлдвэрийн цогцолбор нь БНСУ-ын нийт бүтээгдэхүүний 66 хувь, экспортын 76 хувь, ажил олгогчдын 44 хувийг эзэлж байгаа нь БНСУ-ын эдийн засгийн гол хүчин зүйл, тулгуур болж байгааг тодорхой харуулж байна гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Мөн  “Монгол Улс байгалийн баялагтаа тулгуурлан хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн цогцолбор бий болгох, уул уурхай нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэргүүн зорилт тавьж, төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг 2010 онд батлан ажиллаж байна. Өндөр технологийн аж үйлдвэр нь Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн  засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүчин зүйл хэмээн үзэж төрөөс онцгойлон дэмжиж байгаа” гэсэн юм.

Мөн өнөөдөр УИХ-ын дарга БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд зочлов. Тус хүрээлэнгийн захирал Ли Бен Гвон УИХ-ын дарга З.Энхболдыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэхийн сацуу тус хүрээлэн манай улстай 2002 оноос хойш хамтран ажиллаж байгааг дурдав. БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн 1966 онд анх байгуулагдсан бөгөөд тухайн үед нэг хүнд ноогдох ДНБ 100 ам.доллар хүрэхгүй байсан хэдий ч төр засгаас зоригтой шийдвэр гаргаж, Шинжлэх Ухаан Технологийн хүрээлэнг байгуулсан нь өнөөдрийн БНСУ-ын үсрэнгүй хөгжлийг авчрах алсын хараатай бодлого байсныг онцлон хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд, “Цаашид хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэлээд, хоёр улсын хоорондын Шинжлэх Ухааны боловсролын төв байгуулахаар ярилцаж байгаа. Энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, үндэсний баялгийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг эрдэмтэн судлаачдад  өндөр амжилт хүссэн юм.

Түүнчлэн УИХ-ын дарга өнөөдөр БНСУ-ын Генги мужийн Намянжу хотын Жоанмен хошуунд байрлах 1,323,113 кв.метр талбайд байрлах студийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү студи нь бүрэн хэмжээний киноны зураг авалт хийх боломжтой БНСУ дахь цорын ганц студи бөгөөд Монгол кино нэгдлийн дарга Ж.Солонго болон албаны бусад төлөөлөгчид энэ үеэр сонирхсон асуултуудаа Солонгосын талын мэргэжилтнүүдээс  асууж байв. Энэхүү студийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь цаашид Монгол контент, дэлгэцийн бүтээлд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, материаллаг баазаар хангах тал дээр БНСУ-тай хамтран ажиллах зорилготой болохыг Монгол Кино нэгдлийн төлөөлөгчид хэлж байв. УИХ-ын даргын БНСУ дах хөтөлбөрийн дагуу тэрээр одоо /2014.03.13 ны өдрийн 18.00 цагт/ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.