2014-03-18

z.enkhbold

Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүслэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгон Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийн тулгуур үзэл, номлол нь Монголчуудын мандан бадарч, бууран доройтож явсан түүхийн аль ч үед уламжлагдан хадгалагдаж, сорилт, шалгуур бүхнийг даван туулсаар бидний үед залгамжлан ирснийг түүхийн ач холбогдлыг тодотгон агуулсан юм. Өвөг дээдсээс улбаатай төрийг төвшитгөх, алсын хараатай, онч мэргэн бодлогыг Суут богд эзэн Чингис хаан уламжлан авч, боловсронгуй болгон хөгжүүлснээр тархай бутархай, нүүдэлчин овог аймаг гэгдэж байсан цөөхөн Монголчуудыг ертөнцийн түүхэнд урьд, хожид байгаагүй аугаа том эзэнт гүрнийг хураан захирч, нэгэн тугийн доор нэгтгэсэн их хувь заяанд хөтөлсөн билээ.

Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, цэрэг эрсийн баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой. Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын ард түмэн үргэлж бахархан дурсдаг юм. Монгол Улсад өрнөсөн 1990-ээд оны нийгмийн хөгжлийн шинэчлэлийн үйл явцтай уялдан улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл, номлол шинэчлэгдэн, Зэвсэгт хүчний хөгжилд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэнээр ирээдүйд чиглэсэн хөгжлийн стратеги, төлөвлөлтийн цэгцтэй бодлого хэрэгжих болсон юм.

Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавхи тасралтгүй дээшилж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого баримталж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцах боломж нээгдсэнээр Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжиж байгаагийн зэрэгцээ манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болж, тэдний мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи улам бүр өсөн нэмэгдэх болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр Зэвсэгт хүчний 1300 орчим цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь Үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын нэгээхэн хэсэг болсон төдийгүй дэлхий дахинаа Монгол цэргийн нэр хүнд, үнэлэмж өсч, иргэд залуучууд, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, Монгол цэргийн талаар хүндэтгэл, бахархалтай хандах үзэл, хандлагыг бодитойгоор төлөвшүүлж байна.

Энэ жил Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хүнд бэрх дайны жилүүдэд Орос нөхөдтэйгөө хамтран ялалт байгуулсныг Монголын ард түмэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь манай цэргийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэлэлцэгдэн батлагдсан. Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцаж байгаа цэргийн насны оюутан, залуусыг суралцах хугацаандаа хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэргийн алба хаах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгч буй нийгмийн ач холбогдолтой чухал арга хэмжээ бөгөөд бид уг хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж эхлээд байна. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

2014.03.18