Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон асуудлуудыг үндсэнд нь хэлэлцэж шийдвэрлэлээ.

Намрын чуулган ажлын 86 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 36 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 112 удаа хийсэн байна. Чуулганаар бүгд 148 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10 нь бие даасан хууль, 81 нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 6 нь хууль хүчингүй болгох тухай хууль, 1 гэрээ соёрхон батлах тухай хууль, 52 нь Улсын Их Хурлын тогтоол байна. Энэ чуулганаар Монгол улсын 2014 оны Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Монгол улсын 2014 оны Төсвийн тухай хуулиар Улсын нэгдсэн төсвийн хувьд нийт орлого 6,8 их наяд төгрөг буюу ДНБ-ний 33.6 хувь, нийт зарлага 7,2 их наяд буюу ДНБ-ний 35.6 хувь, нэгдсэн төсвийн алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэж байна.

Улсын Их Хурал төсөв хэлэлцэх явцад “авилгажсан” гэх тодотгол бүхий 139,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 төсөл, арга хэмжээний 2014 онд санхүүжүүлэх 106,3 тэрбум төгрөгийн төсвийг царцааж шалтгааныг тогтоолгохоор Үндэсний Аудитын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Аудитын дүгнэлтийг үндэслэж, эдгээр төсөл, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэх болно.<!–more–>

Энэ намрын чуулганаар “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталж, “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг хүчингүй болгосонд хөрөнгө оруулагчид таатай хандаж байна.

Төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын урсгалыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд төсвийн болон төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого чиглэгдэж байна. Үүсэж болзошгүй нөхцөл байдалд эдийн засгийг түргэн зохицуулах чиглэлээр бодлогын болон зохицуулалтын арга хэмжээг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлэх, ялангуяа хувийн сектор энэ нөхцөл байдалд дасан зохицох боломжийг бүрдүүлэхэд Монголбанк, Засгийн газар санаачилгатай ажиллах хэрэгтэй.

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр 0 хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд холбогдох татварууд хэвээрээ үлдсэн болно. Энэ зохицуулалт нь гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад үр дүнтэй зохицуулалт болно гэж үзэж байна. Улсын Их Хурал “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг анх удаа баталлаа. Түүнчлэн ДЦС-4 өргөтгөлийн тоног төхөөрөмжийг “Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсанаар энэ намраас эхлэн цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх ажил 120 МВТ-аар ахиц дэвшил гарна гэж үзэж байна.

Намрын чуулган шүүх, цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулиудыг баталсны дээр Авилгын эсрэг болон холбогдох зарим хуулиудад өөрчлөлт оруулж прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг Авилгатай тэмцэх газарт шилжүүллээ. Үнэт цаасны зах зээл дэх хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хяналт, хариуцлагыг чангатгах зорилгоор Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд нээлттэй, ил тод хүргэж байгаа нь гишүүн бүрийг сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих боломжийг бий болгож байна. Энэ чиглэлээр цаашид ч хийх зүйл багагүй байна. Нөгөө талаас Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, боловсронгуй болгоход Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн хариуцлагатай, ажил хэрэгч хандлага чухал байна.

Хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж байна. Энэ нь сайшаалтай хэдий ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай, хууль тогтоох үйл ажиллагааг чанартай байлгахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын чуулганы болон байнгын хороодын хуралдаанд идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын агуулгад хөгжлийн бодлоготой уялдсан олон асуудал багтаж байна. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод хэлэлцэж байна. Миний бие “Үндэсний хөгжлийн стратеги” сэдэвт симпоузимыг санаачлан Хэнтий, Дархан аймагт зохион байгуулсан. Иргэд энэ асуудалд анхаарлаа хандуулж идэвхитэй оролцож байна. Тийм учраас Та бүхнийг завсарлагын хугацаанд энэ сэдвээр иргэд, сонгогчдынхоо дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна. Иргэдийн санал бодол хөгжлийн оновчтой, цэгцтэй, аль ч нам эрх барьж байсан хэлбэрэлтгүй дагаж мөрддөг урт хугацааны зөв бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”, “Хамтын тэтгэврийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”,”Газрын тосны тухай” хуулиудыг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж батлах болно. Тийм учраас нам, эвслийн бүлгүүд дээрхи хуулиудын үзэл баримтлалын талаар харилцан ойлголцож хаврын чуулганы өмнө нэг мөр болгохыг хүсч байна.

Эрхэм гишүүдээ,

Монголчууд бид сар шинэдээ аливааг өөдрөгөөр харж, гарч буй жилээ сайн сайхан билэгтэй ерөөлөөр угтдаг сайхан уламжлалтай.

Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд нь Монгол улсын хөгжлийг эрчимжүүлэх бодлогын чухал баримт бичиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Маргааш “Ялгуулсан” хэмээгч Модон морь жилээ угтан золгох гэж байна. Үндэснийхээ уламжлалт цагаан сарын энэ баярыг тохиолдуулан Та бүхэнд болон эх орныхоо дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа Монгол түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, айл саахалтаараа амар амгалан, улс хотлоороо энх тунх, эрүүл саруул, жаргалтай сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР