УИХ-ын дарга З.Энхболд Улсын сайн малчин, тариаланчидтай өнөөдөр / 2014.01.25 /  уулзав. Тэрбээр малынхаа тоо толгойг өсгөж, тариалан эрхлэлтээрээ нутагтаа тэргүүлсэн малчин, тариаланчдад баяр хүргээд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг орон нутагт амжилттай хөгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж байгаа ажилд нь улам их амжилт хүссэн юм. Тус арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар байлцав.

Улсын сайн малчин, тариаланч, Улсын тэргүүний малчдын бүлэг, фермер хамт олноор энэ жил нийтдээ 77 иргэнийг Засгийн газраас шалгаруулжээ. Өмнөх жилүүдэд үдэж буй жилийнхээ ажлыг сар шинийн баярын өмнөхөн дүгнэж улсын сайн малчин, тариаланчийг тодруулан шагналыг орон нутагт нь очиж гардуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгчдийг Улаанбаатар хотод урьж шагналыг гардуулдаг болсон билээ. УИХ-ын дарга З.Энхболд хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгчдэд хандан үг хэлэхдээ, “Усан могой жилд малчин түмэн маань эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж тоо толгой нь 45 сая 127 мянгад хүрч монгол улс түүхэндээ хамгийн олон малтай боллоо. Малынхаа тоогоор Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймаг хошуучилж байна. Манай малчид тариаланчид малаа өсгөж, газар бүр тариалангийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч асар их бэрхшээлийг даван туулж байдгийг бид мэднэ. Тийм ч учраас Засгийн газар малчид, тариаланчдынхаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, жил бүр хөдөө аж ахуйн салбарын алдартнуудаа шалгаруулдаг уламжлалтай.1992 оноос хойш “Улсын сайн малчин”-аар 496 малчин, 2009 оноос хойш “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор 96 аж ахуйн нэгж, “Улсын тэргүүний тариаланч”-аар 153 иргэн шалгараад байна” гэлээ.

Түүнчлэн хамгийн олон малтай малчнаар 3871 толгой мал тоолуулсан Архангай аймгийн Их тамир сумын малчин Ч.Батзориг, хамгийн олон тэмээтэй малчнаар 477 толгой тэмээ тоолуулсан Өвөрхангай аймгийн Богд сумын малчин Ж.Огтоно, хамгийн олон адуутай малчнаар 502 толгой адуу тоолуулсан Завхан аймгийн Нөмрөг сумын малчин Д.Энхтайван, хамгийн их үхэртэй малчнаар 1008 толгой үхэр тоолуулсан Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Жагар, хамгийн олон хоньтой малчнаар 2559 толгой хонь тоолуулсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С.Анден, хамгийн олон ямаатай малчнаар 911 толгой ямаа тоолуулсан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Д.Баярсайхан нар шалгарсан болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд уламжлалт сар шинийн баярын өмнөхөн Усан могой жилийн хөдөө аж ахуйн салбарын алдартнуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна гээд, тэднээр бахархаж байгаагаа дуулган, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.