УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.01.18/ Дархан-Уул аймагт ажиллаж, Ардчилсан Хүчний холбооноос тус аймагт зохион байгуулж байгаа “Үндэсний хөгжлийн стратеги” симпозиумын нээлтэд оролцов.

Орон даяар бүсчлэн зохион байгуулах “Үндэсний хөгжлийн стратеги” сэдэвт энэхүү симпозиум нь зөвхөн орон нутгийн хэмжээнд хийгээд өнгөрөх уулзалт биш, харин аймаг бүр өөрийн онцлогт тохируулсан хэтийн хөгжлийн стратегийг тодорхойлж байгаа үндэсний хэмжээний үйл ажиллагааны эхлэл юм.

-Энэ тухай гэрэл зургийн сурвалжлагыг толилуулж байна-

УИХ-ын дарга З.Энхболд симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Манай улсын практикт ямар улс төрийн хүчин төрийн эрхэнд байгаагаас хамаарч улс төрийн бодлого сонгуулийн циклээр дөрвөн жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаагаас улс орны хэтийн бодлого алдагдаж байна. Иймээс цаашид эрх барьж байгаа улс төрийн намаас үл хамааран дунд хугацааны 50 жил, урт хугацааны 100 жил барих төрийн бодлогын стратегийг боловсруулж, уламжлалыг хадгалсан төрийн бодлогыг тогтвортой байлгах нь чухал” гэлээ.

Симпозиумд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн Засаг дарга нар болон төвийн бүсийн зарим аймгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.

Уулзалт дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний хөгжлийн стратегийг зөвхөн өнөөдрөөр харах бус улс орны урт хугацааны буюу 100 жилийн хөгжлийн стратегийн бодлогыг харах асуудлыг хөндөж тавилаа.

Улсын Их Хурлын даргын санаачилгаар зохион байгуулж байгаа “Үндэсний хөгжлийн стратеги” симпозиум Дархан-Уул аймагт гурван өдөр үргэлжилнэ.