УИХ-ын дарга З.Энхболд Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийг өнөөдөр /2013.012.18/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Зүүн Азийн бүсийн төлөөлөгч Мартин Фаллер, Бүсийн хуулийн зөвлөх Ричард Дезгагне, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Н.Энхболд Монголын улаан загалмай нийгэмлэг  ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр ээлжит их хурлаа хийхээр төлөвлөөд байгаа талаар танилцуулаад энэ үеэр МУЗН хууль эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байгаа тухай хэллээ.

Ноён Мартин Фаллер Монголын улаан загалмай нийгэмлэг нь МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль, 1949 оны Женевийн конвенциуд, 1977 оны нэмэлт Протоколууд, Олон улсын хүмүүнлэгийн хууль, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчмуудыг үйл ажиллагааны үндэс болгон мөрдөж байгаа талаар танилцуулав. Мөн МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн сайжруулах, Засгийн газартай хамтран ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж ажиллах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгаа тухай дуулгалаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.