УИХ-ын дарга З.Энхболд Таван богд компанийн хэрэгжүүлж буй дулааны алдагдалгүй гэр буюу “Пассив гэр” төсөлтэй танилцлаа. Төслийн танилцуулыг Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хийв. Тэрбээр хэлэхдээ, “Ирэх оны гуравдугаар сараас эхлэн Daemwool технологиор хонины ноосоор эсгий үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэх уг төсөл хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээ багасч, агаарын бохирдол буурах ба монгол хонины ноосны эрэлт ихсэж, малчдын орлого нэмэгдэх юм. Мөн дулааны алдагдал багатай энэхүү  дулаалгын материалыг үйлдвэрлэж эхэлснээр ажлын байр нэмэгдэхээс гадна энэхүү материалаар монгол гэрийг дулаалаад зогсохгүй Канад хаус болон гэр хорооллын байшингуудын дулаалгыг ч шийдэх бүрэн боломжтойг хэллээ. Мөн энэ дулаалгын материал нь сайн чанарын хонины ноосоор хийгдэх учир чийг болон галд онцгой тэсвэртэй, агаар шингээлт болон нэвтрүүлэлт нь өндөр үзүүлэлттэй, тохь тухтай  төгс орчинг бий болгоно гэлээ.

Daemwool дулаалгын материал монгол эсгийнээс  6 дахин хөнгөн тул олон давхарлах боломжтой. Энгийн эсгий гадна агаарын -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 50вт дулаан алддаг бол Daemwool дулаалгын материал -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 37вт дулаан алддаг байна.

УИХ-ын дарга З.Энхболд төслийн талаар “Монгол гэрийн уламжлалт дулаалгын аргыг дэлхийн стандартын түвшинд хүргэн шинэчилж байгаа, мөн үйлдвэрлэх нөөц бололцоо бидэнд байна гэдгийг онцлоод энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын утааг бууруулах боломжийг нэмэгдүүлнэ гэлээ. Төслийг хэрэгжүүлэхэд төр засгийн зүгээс шинэ технологиор гэрээ дулаалахыг хүссэн иргэнд хөнгөлттэй зээл олгох, агаар шүүгч, шалны халаагч импортлох сонирхолтой компаниудын дунд тендер зарлаж, боломжийн үнээр нийлүүлэхэд анхаарал хандуулах зэргээр дэмжлэг үзүүлэх тухай ч Улсын Их Хурлын дарга ярилаа. Тэрээр цааш нь дулаалгын материалыг үйлдвэрлэхдээ ганцхан танай компанийн үйлдвэрт хийлгүй хөдөө  орон нутагт  ноос угаах үйлдвэрүүдийг түшиглэн шинэ технологийн ноос үйлдвэрлэх  боломж байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлснээр ирэх өвөл утаа гаргадаг яндангийн тоо багасна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Шалны халаагч ашигласан тохиолдолд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон аргаар хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчдод хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжлэг үзүүлэх боломжтой” гэв.

Энэхүү Daemwool технологийн хонины ноосоор үйлдвэрлэсэн эсгий дулаалгын материалаар дулаалсан гэрийн танилцуулгыг шинэ оны дараахан Чингис хааны талбайд байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулах юм байна

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.