Улсын Их Хурлын дарга З.Энхболд Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтад оролцсон улс орнуудын төлөөлөгчдийг өнөөдөр /2013.11.25/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга төлөөлөгчдөд Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцоотой байсанд нь талархал илэрхийлээд Монголын эмэгтэй парламентчид эх орондоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд санаачлагатай ажиллаж буйн нэг илрэл нь энэхүү чуулга уулзалт болсон, түүнчлэн чуулганы үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоох талаар чуулганд оролцогчдоос санаачлага гаргасан нь зөв зүйтэй шийдвэр болсныг онцлон тэмдэглэв. Мөн чуулганд төлөөлөгчдөө илгээсэн БНХАУ, БНАСАУ, БНСУ, ОХУ зэрэг орнуудтай парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг улс хоорондын өндөр дээд түвшний уулзалтын давтамж нэмэгдэж байгаагаас харж болно гээд цаашид парламентын харилцааны чиглэлээр хийгдэхээр төлөвлөгдөж байгаа үйл ажиллагаа, айлчлалуудын талаар мэдээлэл солилцсон юм.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Дотоод хэрэг, хууль зүйн хорооны дэд дарга, хатагтай Сун Хуй УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах үеэрээ хоёр орны төр, засгийн удирдлагуудын өндөр дээд түвшний уулзалтууд үр дүнтэй болж байгаа талаар дурдаад саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр “Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т гарын үсэг зурсныг чухалчлан тэмдэглэв.

Чуулга уулзалтад БНАСАУ-ыг төлөөлөн ирсэн зочид Улсын Их Хурлын даргатай уулзах үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 25 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа хийгээд өнгөрсөн 10 дугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын талаар онцлон ярьж байв.

Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчид Улсын Их Хурлын даргатай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн энэ удаагийн чуулга уулзалтад оролцогч орны эмэгтэйчүүдийн эв санааг нэгтгэх, цаашид хамтран ажиллах үйлсэд эерэг нөлөөтэй чухал алхам боллоо гээд ялангуяа Хойд, Өмнөд хоёр Солонгосын парламентын эмэгтэй гишүүд чуулга уулзалтын үеэр чөлөөтэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцсоноо чухалчлан дурдлаа.

Хойд, Өмнөд хоёр Солонгосын парламентын эмэгтэй гишүүд чөлөөтэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцсоныг ОХУ-ын төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах үеэрээ мөн тэмдэглээд парламентын эмэгтэй гишүүд эв санааны нэгдлийг чухалчилж, аливаа хурц асуудлыг эх хүний өгөөмөр сэтгэлээр шийдэх гарцыг олохын төлөө хамтран ажиллахыг дэмжиж байна гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын парламентын төлөөлөгчид Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтыг жил бүр уламжлан зохион байгуулах санаачлагыг баяртайгаар хүлээн авч байна гээд цаашид чуулганыг зохион байгуулагч орнуудын дунд шилжин явах тугтай байх санал дэвшүүлэх талаар өөрийн орны парламентын удирдлагуудтай зөвшилцөх бодолтой байна гэдгээ дуулгалаа. Чуулганы үзэл санаа, үйл хэргийг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй, тиймээс оролцогч орон бүрийн төлөөлөгчид нутагтаа очоод хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэл хүргэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны гишүүн, хатагтай Заболотная ярилаа. Мөн тэд Монголын парламентын эмэгтэй гишүүд чуулганыг өндөр түвшинд зохион байгуулж, хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж байгаа ур чадвараас сурах зүйл их байсан хэмээн сайшааж байлаа.

Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулганд оролцсон улс орнуудын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга болон Тамгын газарт чуулганы үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласанд талархаж байна гээд цаашид бүс нутгийн хэмжээнд улс орнуудын парламентын эмэгтэй гишүүдээс санаачлан зохион байгуулах бүх талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.