2013 оны 11 дүгээр сарын 24                                                                            Улаанбаатар хот

Эрхэм хүндэт

Парламентын эмэгтэй гишүүд,

Хурлын төлөөлөгчид,

Хатагтай ноёд оо,
Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүсэн ерөөе.

Хатагтай ноёд оо,

Өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна. Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Энэ удаагийн чуулга уулзалт боловсролын сэдвээр чуулж, Зүүн хойд Азийн хөгжилд хамгийн их ач холбогдол бүхий энэ чухал сэдвийг хөндсөн нь залуу үеийг энх тайванч, эх оронч, хүлээцтэй, бусдын үзэл бодлыг хүндэлдэг, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх чадвартай болгон хүмүүжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна.

Хүүхэд залуучуудыг ийм хүмүүжлээр хүмүүжүүлэхэд гэр бүл, ялангуяа эх хүний үүрэг онцгой нөлөөтэй. Иймээс гэр бүлийн тулгуур болсон эмэгтэй хүн, эх хүн байхын зэрэгцээ парламентын гишүүний хувьд боловсролыг бүх нийтэд хүртээлтэй, хүний төлөвшилд чухал үүрэгтэй салбар болгож хөгжүүлэхийн тулд та бүхэн их зүйлийг хийж чадна гэж итгэж байна.

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид бүс нутгийнхаа, цаашилбал дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэн хамтарч ажиллавал та бүхний нөлөө, дуу хоолойны эрч хүч хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй.

Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.

Өнгөрсөн 2012 онд манай улсын санаачилгаар НҮБ «Ардчиллын боловсрол»-ын тухай тогтоолыг санал нэгтэй батласан. Энэ тогтоолыг НҮБ-ын гишүүн бүх орон, түүний дотор Зүүн хойд Азийн бүх улс орнууд дэмжсэн. Энэ дэмжлэгт бид гүнээ талархаж байдгийг энд онцлон тэмдэглэе.

Мөн хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг санал нэгтэй баталлаа.

Дээрх хоёр тогтоолын үндсэн санаа бол та бүхний энэ чуулга уулзалтын зорилготой нийцэж байгаа гэж бодож байна.

Дараагийн нэг чухал сэдэв бол 1995 онд БНХАУ-ын Бээжин хотноо хуралдсанаас хойш дахин хуралдаагүй Эмэгтэйчүүдийн Дэлхий дахины бага хурлыг сэргээх асуудал юм. Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүн, тухай үеийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Катарын элчин сайд Нассир ал-Нассер нар 2011 онд гаргасан байдаг.

Та бүхэн энэ Бага хурлыг сэргээн хуралдуулах санаачилгын талаар санал бодлоо солилцож, дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна.

Монгол Улсын парламентын даргын хувьд миний бие та бүхний гаргасан санал, санаачилгыг Улсын Их Хурлаар дэмжүүлэхийн төлөө эмэгтэй гишүүдтэйгээ хамт чармайн ажиллах болно.

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын энэхүү чуулга уулзалт цаашид олон орон, бүс нутагт үлгэр дууриалал болж, эмэгтэйчүүд, түүний дотор эмэгтэй удирдагчдын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны нэг чухал бүтэц болж өргөжинө гэж итгэж байна.

Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсч, та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсье.

Баярлалаа.