УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКазУ/-ын парламентын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Шавхат Анесович Утемисовыг өнөөдөр /2013.10.28/ дагалдан яваа хүмүүсийн хамт хүлээн авч уулзав.

Энэ удаагийн айлчлал Монгол Улс, БНКазУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулсны 20 жилийн ойгоор тохиож байгаа нь онцлог. Их Хурлын дарга энэхүү гэрээ нь манай хоёр орны харилцааны үндсэн зарчим, чиглэлүүдийг тодорхойлдог, эрх зүйн гол баримт бичиг гэдгийг тодотгоод Парламент хоорондын харилцаа нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй, тиймээс уулзалтыг жил бүр зохион байгуулж, хоёр орны ойр, зэргэлдээ орших аймаг, мужуудын шууд, харилцаа холбоог хөгжүүлэхэд тухайн нутаг орноос сонгогдсон гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор харилцан ашигтай санал, санаачлагуудыг гарган ажил хэрэг болгож ажиллах нь зүйтэй юм гэв.

Байгалийн нөөц баялгаар арвин манай хоёр улс эдийн засаг, түүний дотор уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр болон бүс нутгийг хөгжүүлэхэд бусад олон талаар хамтран ажиллах боломж байгаа. Тухайлбал, БНКазУ нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүний хувьд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн болон эдийн засгийн төслүүдэд монголын тал оролцох сонирхолтой гэдгийг Их Хурлын дарга цохон хэллээ.

БНКазУ-ын парламентын гишүүн, Казахстан -Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Шавхат Анесович Утемисов ярихдаа, Казахстаны Парламентын Мажилис дахь Казахстан -Монголын парламентын найрамдлын бүлэг 11 гишүүнтэй, хоёр орны харилцаа эртний түүхтэй, уламжлал соёлоороо ч ойролцоо зүйл ихтэй, мөн Монгол Улс Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг байсанд бид талархалтай байдаг гэв. Түүнчлэн Монгол Улс ардчиллын орон болж, амжилтад хүрч байгаагийн илрэл нь энэ онд Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Чуулганыг зохион байгуулсан явдал болсон гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэрээр цааш нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх олон салбар, чиглэлүүд байгаатай санал нэг байна, энэ удаагийн уулзалт нь харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал хүмүүнлиг, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт найдаж байна гэлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хүмүүнлиг, соёлын чиглэлээр идэвхжүүлж, хоёр орон улам хөгжин дэвшсэнээр олон улсын түвшинд хүчээ нэгтгэн бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах, хоёр улсад тулгарч байгаа хөгжлийн асуудлууд, тухайлбал, далайд гарцгүй орнуудын хувиар олон улсын тээврийн дэд бүтцэд нэгдэх талаар шийдэлд хүрч чадна гэж үзэж байна хэмээн Шавхат Анесович Утемисов ярилаа

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.