Оросын Холбооны Улсын Екатеринбург хот дахь Уралын Политехникийн Дээд Сургууль /УПИ/, Уралын Улсын Их Сургууль /УрГУ/, Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн Төгсөгчдийн холбооноос 2013 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан Төгсөгчдийн анхдугаар чуулганы үеэр бүх цаг үеийн төгсөгчдийн дундаас таван номинациар алдартнуудыг тодруулж, “Признание” цом гардуулжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Уралын Политехникийн Дээд Сургуульд 1984-1989 онд суралцаж, цахилгааны инженер мэргэжлийг эзэмшсэн бөгөөд төрөлх сургуулийнх нь Төгсөгчдийн холбооноос Их Хурлын даргыг таван алдартны нэг алдартан буюу “Улс төр, нийгмийн зүтгэлтэн”-ээр тодруулсан байна.

Уралын Холбооны Их Сургуулийн ректор В.А. Кокшаров, проректор Д.В.Бугров нар Улсын Их Хурлын даргад энэхүү “Признание” шагналыг гардуулан өгөх хүндтэй үүргийг Төгсөгчдийн анхдугаар чуулганд Монголын төгсөгчдийг төлөөлөн оролцсон Монголын Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, тус холбооны тэргүүн, академич С.Батмөнх, мөн 1964 оны ахмад төгсөгч Б.Мянганбаяр нарт даалгасныг тэд өнөөдөр /2013.10.25/ Төрийн ордонд хүрэлцэн ирж, УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өгсөн юм. “Признание” цомыг Уралын нэрийн хуудас болсон цэвэр байгалийн, ховорт тооцогдох чулуугаар урласан суурин дээр суулган Бүтээсэн байна.

Уралын Политехникийн Дээд Сургууль /УПИ/, Уралын Улсын Их Сургууль /УрГУ/, Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн нийт 250 мянган төгсөгчдийн 1500 орчим нь монгол төгсөгчид байдаг аж. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ сургуулийнхаа алдар хүндийг өндөрт өргөн нэрийг нь дуурсгахад хувь нэмэр оруулж яваа, Төгсөгчдийн анхдугаар чуулганд оролцогсод болон сургуулийн бүх бие бүрэлдэхүүнд видео мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын мэндчилгээг Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн цахим хуудсанд байршуулсан болохыг “Признание” цомыг гардуулах үеэрээ Монголын Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид сургуулийн удирдлагуудын талархлын халуун үгтэй хамт уламжлан дуулгалаа

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.