УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2013.09.27                                                                              Улаанбаатар хот

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулган энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.

Энэхүү чуулганаар Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт хэлэлцлээ.

Бид Хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор дээрх хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжсангүй. Энэ нь:

Нэгдүгээрт, “Хөрөнгө оруулалтын тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг Улсын Их Хурлын гишүүдийн 170 гаруй ажил хэрэгч санал дүгнэлтийг тусгаж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хэдий ч нэмэлтээр орсон саналуудыг нэгтгэж төсөлд тусгаж батлахад цаг хугацааны хувьд боломжгүй болсон,

Хоёрдугаарт, Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуультай холбогдсон нэмэлт мэдээлэл цуглуулах, санал авах шаардлагатай учир намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт тавьсан,

Гуравдугаарт, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг Эрдэс баялагын салбарт төрөөс баримтлах бодлоготой уялдуулах нь зүйтэй гэж үзэж МАН-ын бүлэг завсарлага авсан зэрэг шалтгаанаас боллоо.

Энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар холбогдох яамдын мэдээлэл, Улсын Их Хурлаас томилсон Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаан дээр сонсож, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан шалтгааныг хэлэлцэн, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болж чадлаа.

Ажлын хэсэгт орж ажилласан болон олон зуун санал гаргаж Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг сайжруулсан гишүүддээ баярлалаа.

Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан ч энэ жил 11 хувьтай байхаар байна. Ийм нөхцөлд эдийн засгийг хямарсан гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд харин үүссэн зарим хүндрэл бэрхшээлийг арилгахад дээрх хуулиуд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүлж байна.

Иймээс холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг бэлтгэл ажлыг шуурхай хангаж дээрх хуулиудыг яаралтай батлуулах хэрэгтэй.

Ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хэлэлцүүлгийн явцад идэвхитэй, санаачлагатай ажилласан эрхэм гишүүддээ баярлалаа.

УИХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн ээлжит бус чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.