УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.27/ Английн “Фортун” сэтгүүлд ярилцлага өглөө. “Фортун” сэтгүүл нь Европын орнууд, Дундад Ази, Африк болон Латин Америкийн орнуудад, сар бүр хэвлэгдэн гардаг, дэлхийн эдийн засгийн томоохон сэтгүүл юм. Уг сэтгүүл эдийн засаг нь өндөр хурдацтай хөгжиж буй орнуудыг тусгайлан сонгож, тухайн улсын тухай нийтлэл бичдэг. Монгол улсын эдийн засаг сүүлийн хоёр жилийн дотор үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нь дэлхийд Катар улсын дараа орж байгаа орноор тодорлоо. Тийм учраас олон улсын хөрөнгө оруулагч нарт Монгол улсын эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг бодитоор ойлгуулах, энд ямар боломж бололцоо байгааг харуулах гэж ирсэн гэж “Фортун” сэтгүүлийн Бүсийн дарга хатагтай Ана Арнал хэлэв.
Сэтгүүлд Монгол улсын эдийн засгийн гол хүчин зүйлүүдийг онцлон бичихийн зэрэгцээ, Монгол Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд мөн Засгын газрын гишүүд, сайдуудын ярилцлагыг нийтлэх юм байна. Түүнчлэн Монголын томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, өнөөгийн эдийн засгийг хэн авч явааг тодруулах болно. Бидний хамгийн гол зорилго бол барууны эдийн засаг дахь хөрөнгө оруулагч нарт Монголыг сурталчилж, бизнесийн ямар нөөц боломж байгааг тэдэнд харуулахыг зорьж байгаа гэдгээ тэрээр нэмж хэллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.