УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Дээд танхимын гишүүн Үэно Хироши болон түүнийг дагалдан яваа бизнесийн төлөөллийг өнөөдөр / 2013.09.26/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы улс төрийн харилцаанд харилцан итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд урагшлан хөгжиж байгаад баяртай байдгаа тэмдэглэн хэллээ.
Ноён Үэно Хироши хэлэхдээ “Би хоёр жилийн өмнө Монгол Улсад ирэхдээ бизнес эрхлэх нөхцөл боломж их байгаа юм байна гэдгийг олж харсан. Тиймээс өнөөдөр Гумма мужийнхаа бизнесийн төлөөлөлтэй хамт ирж танай улсын бизнесийн салбарынхан болон төрийн түшээдтэй уулзаж санал бодлоо солилцож байна” гэлээ. Мөн тэрээр улстөрчид бол бизнесийн орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг гүүр байх учиртайг хэлээд дагалдан яваа бизнесийн төлөөллөө Монгол Улсад элэгтэй, бизнес хийх сонирхолтой хүмүүс гэдгийг дурдав.Уулзалтад оролцсон төлөөлөгчид УИХ-ын даргад өөрсдийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулаад Монгол Улсад ямар чиглэлээр бизнес эрхлэх боломж байгаа талаар дуулгалаа. Тухайлахад “Numata Sigen” компанийн ерөнхий захирал Такахаши Шиняа “Манай компани энэ жил 10 мегаваттын цахилгаан станц ашиглалтад оруулж, тодорхой орон нутгийг эрчим хүчээр хангаж байгаа. Цаашид байгальд ээлтэй био түлш ашиглан цахилгаан гаргаж авдаг хоёр станц барихаар ажиллаж байгаа. Монгол Улс ч ийм төрлийн цахилгаан станц байгуулж орон нутгаа эрчим хүчээр хангах боломжтой” гэлээ. Харин “Sharez” компанийн ерөнхий захирал Ишихара Юшихико “Би 14 жилийн өмнө гар утасны тоглоом зохиодог компани байгуулж, хэсэгхэн хугацааны дараа л 4 сая хэрэглэгчтэй болж чадсан. Одоо ухаалаг гар утасны тоглоом зохиож гар утасны томоохон компаниудад зарж байна. Монголын залуус энэ төрлийн тоглоом зохиогоод зарж борлуулах боломжтой гэж би бодож байна. Учир нь монгол залуус их бүтээлч сэтгэлгээтэй гэж сонссон. Манай бүтээгдэхүүнийг борлуулахад хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Мөн “Mori” компанийн ерөнхий захирал Мори Ежи “Би эмчилгээний бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр эрхэлдэг. Монгол Улсын энэ чиглэлийн бизнесийнхэнтэй хамтран ажиллах боломж байгаа эсэхийг судлахаар ирсэн” гэдгээ хэлж байв.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд хоёр улсын бизнесийн төлөөллийн уулзалт нь түншээ сонгож хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтойг онцлоод хамтран ажиллах чиглэлээр сайн ярилцаад явахыг зөвлөлөө.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.