УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.23/ Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг байлцав.

Монгол Улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг Франц Улстай гуравдагч хөршийн идэвхтэй хамтын ажиллагааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.Франц Улс 2010 онд манай улсыг Ази тив дэх өөрийн “тусгай түнш”-ээ хэмээн тодорхойлсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр түвшний илэрхийлэл болж байгаа бөгөөд саяхан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас зохион байгуулсан “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт Дугуй ширээний уулзалтад Францын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга ирж оролцсон, мөн Монгол Улсад 5-р цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтад Франц Улсын оролцоотой консерциум тэргүүлж Монгол Улсын Засгийн газартай “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулсан, түүнчлэн Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани уран олборлолтоор хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай байгууллага болох Францын “Арева” группэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа зэрэгт Улсын Их Хурлын дарга сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Ф.Пилье хэлэхдээ, энэ өглөө Улаанбаатарт онгоцоор хүрэлцэн ирэх замдаа танай орны цэлмэг хөх тэнгэрийг харах сайхан байлаа, мөн Монгол Улс үнэхээр хөдөө аж ахуйн орон болохыг харж явлаа. Энд хүрэлцэн ирсэн манай Сенатын гишүүн нөхөд маань хөдөө аж ахуйн салбарт илүү анхаарч ажилладаг хүмүүс, тиймээс бид Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар аль болох ихийг мэдэж авах хүсэлтэй байна гэдгээ хэллээ
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Франц Улсаас сүүний чиглэлийн, ашиг шим сайтай “Альпин” үүлдрийн ямааг Монголд авчран нутагшуулж байгаа, түүнийг дагаж эрчимжсэн мал аж ахуйн өндөр технологи, дэвшилтэт туршлагыг манай улсад нэвтрүүлэхэд франц мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаад баяртай байна. Нүүдлийн мал аж ахуй эрхлэн, сийрэг тархай суурьшсан монгол малчид томоохон хот суурингийн хүн амын мах, сүүний өнөөгийн хэрэгцээг дангаараа хангах боломжгүй болж байгаа учир манай Засгийн газраас малчдад хоршооллын хэлбэрээр аж ахуйгаа хамтран эрхлэх нөхцөл боломжийг бий болгох зохицуулалт хийхээр ажиллаж байна. Энэ ажилд хоршооллын дээд хэлбэрийг төлөвшүүлэн хөгжүүлж чадсан Францын туршлагыг жишээ болгон авч болох юм гэв.
Францын төлөөлөгчдийн тэргүүн хариуд нь манай улс ч мөн адил томоохон хот суурингийн иргэдийг мах, сүүгээр хангах хэрэгцээнд тулгуурлан ажилласнаар өнөөгийн кооперативыг бий болгосон. Манай хоёр орны хувьд хөдөө аж ахуйг эрхэмлэж байгаа нь адил байна. Монголын хувьд мал аж ахуйгаасаа био, эрүүл хүнсийг зах зээлд нийлүүлэх том давуу тал харагдаж байна гэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.