Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.20/ АНУ-ын Эрчим хүчний яамны Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Кристофер Смиттийг хүлээн авч уулзав.УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш амжилттай өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэн хэлээд АНУ-ын Женерал электрик”, “Пибоди”, “Жений ойл” зэрэг олон компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулах сонирхолтой байгааг дурддлаа. Мөн “Жени ойл” компанийн төлөөлөлтэй уулзахад шатдаг занарын талаар хууль эрх зүйн зохицуулалт бий болгож өгөхийг хүссэн тухай дуулгаад, удахгүй батлагдах газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад уламжлалт бус газрын тосны талаар шинэ зүйл заалт оруулж байгаа тухай ч мэдэгдсэн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” салхин паркийн төслийг АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтран хэрэгжүүлж байгааг мэдээлээд энэ жижиг станц нь бүс нутгийн тодорхой хэсгийг хангаж байгааг хэлэв.
Ноён Кристофер Смитт айлчлалынхаа хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын компаниудтай уулзах, ШУТИС-тай хамтран ажиллах, оюутан солилцох гэсэн хоёр ажлыг амжуулахаар ирснээ дуулгаад, Монгол Улстай технологийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байна гэдгийг мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө Эрчим хүчний яамандаа газрын тос, нүүрснээс хий болон шингэн түлш гаргах, түүний дэд бүтэц, тээвэрлэлтийг хариуцан ажилладаг хэмээн танилцуулсан юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд цаашдаа сэргээгдэх эрчим хүч болон занар олборлох, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай АНУ-ын компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.