Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг өнөөдөр /2013.06.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.УИХ-ын дарга Монголд анх удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга айлчилж байгаад талархал илэрхийлээд 67 дугаар Ерөнхий Ассамблейг амжилттай даргалж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшилд тустай олон чухал тогтоол шийдвэр гаргаж буйд баяр хүргэлээ. Тэрбээр ярианыхаа эхэнд НҮБ-ын 67 дугаар Ерөнхий Ассемблейгаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй 5 гүрний хамтарсан Тунхаглал болон Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаархи “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд” Тунхаглалын ач холбогдлыг цохон тэмдэглэлээ.
Ноён Вук Еремич Монголд мөн анх удаа ирж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, гишүүн орнуудын дундаас НҮБ-ын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй байр сууринаас оролцож байгаад талархаж байна гэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын ажлыг хүлээн аваад Монгол Улстай хамтран гаргасан тогтоолууд нь түүхэн ач холбогдолтой бичиг баримтууд болсон нь Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсөж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлж буйн илрэл болсон хэмээн ноён Вук Еремич хэлээд олон улсын түвшинд олж буй энэ амжилтад танай ардчилсан Ерөнхийлөгчийн тууштай санаачлага, манлайлал чухал нөлөөтэй байсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна гэлээ. Танай Ерөнхийлөгч бид нар Харвардын Их Сургуулийн нэг үеийн оюутнууд. Манай төгсөлтөөс ганцхан Ерөнхийлөгч төрөн гарсан нь өнөөдөр миний айлчлан ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь “нэг сургуулийнхны” хувьд над үнэхээр бахархууштай санагдаж байна гэж тэрээр нэмж хэлсэн юм.
УИХ-ын дарга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргатай ирэх 9 дүгээр сард эхлэх 68 дугаар Ерөнхий Ассамблейн бэлтгэл ажлын талаар зарим мэдээллийг солилцов. Монгол Улс тус Ассамблейд өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм. Тухайлбал, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэлээ Монгол Улс өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон ЮНЕСКО-д илгээсэн байна. Өнгөрсөн 2012 он нь олон улсын Хоршооллын жил байсан бөгөөд манай улс “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэлээ өнгөрсөн 4 дүгээр сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт илгээжээ. Мөн Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлийн төслийг холбогдох байгууллагууд бэлтгэж байгаа тухай УИХ-ын дарга яриад 68 дугаар чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж буйг дуулгалаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.