-”Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт” зориулж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг-

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Монгол Улсаа төлөөлөн энх тайваныг хүсэмжилсэн даян дэлхийн улс орнуудад үүрэг гүйцэтгэсэн эрхэм энхийг сахиулагчид аа!

Монгол улсын иргэдээ!

Та бүхэндээ олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Даян дэлхийн улс орнуудтай хаяа дэрлэн энх тайвнаар зэрэгцэн оршиж буй манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ.
Энхийг сахиулагчид цэрэг эрс та бүхэн бол энэ цаг үеийн эгэл жирийн атлаа, энгүй их гавъяатай жинхэнэ баатарууд юм. Монголын төр, ард түмэн та нарынхаа үйлс бүтээл, үйл хэргээр тань бахархаж байна. Энхийг сахиулагчид та бүхэн бахархуулах үйлстэй, бахархах эрхтэй хүмүүс.
Сүүлийн үед дэлхий нийтийн санааг зовоож, тогтворгүй болоод хямралт байдал үүссэн нөхцөл байдлуудыг авч үзвэл улс орон хоорондын гэхээсээ дотоодын хямралын шинжтэй, удаан хугацаанд даамжирсан хэлбэрээр үргэлжлэх хандлагтайгаар өрнөж байна.
Ийм ээдрээтэй нөхцөл байдалд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Өнөөдрөөс 10 жилийн тэртээ дайн тулааны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг анх удаагаа хөл тавьж, цаг агаарын эрс тэс нөхцөл, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, хэзээ хэзээгүй гал авалцан дүрэлцэх хүүдийтэй дарь мэт цагийн байдал, цоо шинэ нөхцөл байдал, цоо шинэ үүрэг даалгавар, цоо шинэхэн үүрэг даалгавар, цоо шинэхэн сорилт, шалгууртай манай Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид нүүр тулж байсан. Энэ бол аавын хүү болгоны хийж чадах хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л биелэлээ олох боломжтой бөгөөд үүнийг манай энхийг сахиулагчид бүтээж чадсан нь үнэхээрийн бахархалтай үйл хэрэг юм. Өнгөрсөн хугацаанд Иракаас гадна Афганистан, Косово, Сьерра-Леон, Чад, Судан улсуудад манай цэргийн багууд амжилттай үүрэг гүйцэтгэж улам бүр туршлагажсаар байна.
Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орныхоо даалгаварыг мадаггүй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд та бүхнээрээ бахархаж, та бүхнийхээ эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай үйл ажиллгааны үр дүнг гүнээ хүндэтгэн бахархаж байна.
Энхийг эрхэмлэгч манай орон даян дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох хүн төрөлхтний шударга ариун үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтаа цаашид улам бүр өргөжүүлэх болно.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэрэг дайчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх талаар төр засгийн зүгээс шийдвэртэй алхамуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно.
Та бүхнийг Төр засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгсөн хань, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөддөд гүн талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛ ЦЭРГИЙН МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ.