УИХ-ын дарга З.Энхболдод Америкийн Нэгдсэн  Улсын “Жени Ойл” компанийн ерөнхийлөгч Майк Жонс болон Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганболд, МУИС-ийн Физик электроникийн сургуулийн тэргүүлэх профессор Ц.Ганцог нар  өнөөдөр бараалхлаа.Уулзалтын эхэнд Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганболд Монгол Улсад шатдаг занарын нөөц нилээдгүй байгааг танилцуулаад, хайгуул судалгаа хийн дээж авч үзэхэд чанар сайтай, Арабын нефтээс дутахааргүй гэдэг нь тогтоогдсон болохыг онцоллоо. Мөн “Жени ойл” компани нь газрыг ухаж сэндийчихгүйгээр, газрын гүнийг халаадаг хайгуул болон олборлолтын шинэ технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлснийг дуулгав.Ноён Майк Жонс шатдаг занараас 90 хувийн боловсруулалт бүхий нефть, дизель, газ болон байгалийн хийг гарган авах боломжтой гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн зохицуулалт америкийн тухайн салбарын эрх зүйн орчинтой адил төстэй байгаа учраас энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчдын тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарах болно. Мөн ойрын хугацаанд холбогдох албаныхантай хамтран энэ чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зүйтэй гэлээ.

УИХ-ын хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс.