УИХ-ын дарга З.Энхболдод Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдэ өнөөдөр /2013.04.29/ бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Норвеги улс онцгойлон анхаарал тавьж хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
2012 онд манай улсын төрийн тэргүүн анх удаа Норвегид албан ёсны айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалын мөрөөр Норвегийн Үндэсний баялгийн сангийн туршлагын талаар тодорхой арга хэмжээнүүд зохиогдож эхэлж байгаад парламентын тэргүүн сэтгэл хангалуун байгаагаа мөн мэдэгдлээ.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс энэхүү ойг тэмдэглэх хүрээнд Ханхүү Хааконыг Монгол Улсад айлчлахыг урьж байгаагаа бататгасан. Түүнчлэн Монгол Улс Хойд туйлын Зөвлөлд (Arctic Council) ажиглагч гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад байгаагаа дуулгаад энэхүү Зөвлөлд элсүүлэхэд Норвегийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ноён Эспен Барт Эйдэ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэлээ. Түүнчлэн ирэх зургадугаар сард Мадрид хотноо болох Цаазаар авах ялын эсрэг Дэлхий дахины V бага хуралд УИХ-ын даргыг оролцохыг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.