Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Шюничи Сүзүкийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.04.29/ Төрийн ордон дахь албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Ноён Ш.Сүзүки АОХН-ийн Сайд нарын бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байгааг дурдаад, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархлаа илэрхийллээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлал хоёр орны хөгжилд шинэ боломжийг нээсэн хэмээн онцолсон юм. Түүнчлэн ноён дэд сайд Монгол, Японы хооронд харилцан ойлголцол, итгэлцэл улам бүр гүнзгийрч, харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар идэвхтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, “Манай хоёр орон ардчилал, энх тайвны төлөө хамтран зүтгэж, харилцан бие биедээ туслалцаж, хамтран ажиллах нь Ази тивд ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болно” хэмээн онцолсон. Монгол Улсын төр, засаг стратегийн түнш Япон Улстай харилцан итгэлцсэн улс төрийн харилцаа, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээлийн хамтын ажиллагаа, мөн соёл боловсрол, олон нийтийн өргөн солилцоо хөгжүүлж, улмаар бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах чиглэл баримталж байгаа гэж УИХ-ын дарга хэллээ. -Тэрбээр Монгол Улс байгалийн баялаг, эрдсийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангахад Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд тус улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Дэд сайд Ш.Сүзүки УИХ-аар саяхан батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Японы хөрөнгө оруулагчид нэгэн дэвшил хэмээн хүлээн авсан гээд цаашид тус улсын хөрөнгө оруулагчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байлаа.
УИХ-ын дарга З.Энхболд, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх татварын хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг дуулгаад оруулсан хөрөнгийн хэмжээ, байршил, хугацаанаас хамааран хөнгөлөлт эдлэх боломж бий болгохоор төсөлд тусгагдсан хэмээн хэллээ. Тэрбээр цаашид ч хууль, тогтоомжийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа тухай дуулгав.
Уулзалтад оролцогчид Зүүн хойд Азийн бүс нутгийн асуудлаар мөн санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.