Нобелийн шагналт, сэтгүүлч, улстөрч, хүний эрхийн төлөө тэмцэгч, Йемений иргэн, хатагтай Таваккол Карман өнөөдөр /2013.04.29/ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцохоор өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн тэрбээр уулзалтын эхэнд ардчилал хөгжсөн Монгол Улсад болж буй олон улсын чуулганд өндөр ач холбогдол өгч, зарим давхацсан ажлаа хойш тавиад ирсэн гэдгээ хэлээд найрсгаар угтаж байгаа монголчуудад талархаж байна гэлээ. Түүнчлэн “Монгол Улс АОХН-ийн Сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Ардчиллыг тайван замаар хөгжүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн төлөөх нийгмийг байгуулснаараа Монгол Улсаас Нобелийн энх тайвны шагналтан төрхийг үгүйсгэхгүй. Ардчиллыг амжилттай хөгжүүлсэн Монгол Улс нь Арабын орнуудад үлгэр жишээ орон болж байна. Би энэ улсад ардчилал өндөр хөгжсөн гэдгээс нь гадна, Чингис хааны эх орон гэдгээр нь сайн мэддэг. Шашин хоорондын мөргөлдөөн, үндэсний цөөнхийн ялгаагүйгээр эв найрамдалтайгаар ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж байгаад нь бахархаж байна” гэв.УИХ-ын дарга З.Энхболд хатагтай Таваккол Карманы айлчлалд амжилт хүсээд “850 жилийн өмнө Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан бүх шашныг хүндэтгэж, шүтэж буй шашинаар нь ялгаварлалгүй олон улстай харьцдаг байх бодлого баримталж байсан нь одоо ч уламжлагдсан. Манай улсад лалын шашинтай иргэд бий. Бид эв найрамдалтайгаар эх орондоо ардчиллыг хөгжүүлсэн. Энэ нь та бүхэнд мөн үлгэр жишээ болох болов уу. Бид сайн туршлагаа бусадтай хуваалцахад бэлэн” хэмээн мэдэгдсэн юм.
Хатагтай Таваккол Карман цаашид манай улстай хамтран ажиллах, Йемений залуучуудыг Монголд ардчилал хэрхэн хөгжсөн, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, илт тод байдлаар харилцан туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ. УИХ-ын дарга дээрх хүсэлтийг хүлээн авч манай улс хуулиараа төр өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон. Ингэснээр дэлхий дахинд төрдөө хэвлэлгүй ганц улс болсон гэлээ. Түүнчлэн парламентын хувьд ч ялгаагүй Мьянмар улсын парламентаас суралцах хүсэлтэй байгаагаа Нобелийн шагналт, Мьянмарын парламентын гишүүн Ан сан Су Чи-д илэрхийлсэн гэдгээ дуулгалаа. Мөн УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар анх удаа нэр дэвшигчдийн хүйсийн квотыг хэрэглэсэн нь үр дүнгээ өгч парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн суудлын тоо нэмэгдсэн гэдгийг хэллээ.
Хатагтай Таваккол Карман төр хэвлэлгүй болсон туршлагыг сонирхож, энэ нь зөвхөн Йемен төдийгүй бүх Арабын орнуудад үлгэр жишээ болсон, сонирхох асуудал гэж онцоллоо. Түүнчлэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог квотоор нэмэгдүүлснийг сайшааж, илүү оновчтой байж мэдэх энэ туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлэхийн тулд хатуу зогсох болно гэдгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.