АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж байна.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов.

Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийлээд цаашид манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцох зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс сүүлийн хоёр жил даргалж байгаа талаар болон тус нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг ирэх 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж, уг хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьсан урилгыг дахин нотоллоо.

Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байгааг ноён Бан Ги Мүүн уулзалт ярианы үеэр онцлон тэмдэглэв. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлээд саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны явцтай газар дээр нь очиж танилцсанд талархал илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд мөн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремиктэй уулзав. Монгол Улс Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” болон “Ардчиллын боловсролын тухай” тогтоолуудыг тус тус санаачлан амжилттай батлуулсныг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн хоёр жил даргалж байгаа орны хувьд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлээд цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон дурдав. Монгол Улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.