Өнөөдөр /2013.02.28/ Төрийн ордноо Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны семинар, сургалт зөвлөгөөн болж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, Аудитын байгууллага өндөр хариуцлагатай байх ёстой. Энэ жилээс төсвийн цоо шинэ орчин бий болж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг 2,5 дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь орон нутгийн удирдлагууд нягтлан бодогчийн үүрэгтэйгээртөсөвт ханддаг байсан бол одоо захиран зарцуулагч болсон. Үүн дээр шат шатны аудитын байгууллагынхан анхаарлаа хандуулж, хяналт шалгалтын арга барилаа шинэчилж, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Төсвийн мөнгө идсэн, хөрөнгө шамшигдуулсан албан тушаалтанд хариуцлага тооцож чадаагүй, хуйвалдсан, ажлаа муу хийсэн хүнийг ажлаас нь чөлөөлөхөөс гадна эрүүгийн хариуцлага тооцдог болох хуулийн төслийг боловсруулж байгаа. Улсын орлого 7 их наяд төгрөгт хүрсэн. Төсвийн энэ эрчимтэй өсөлт хяналтаа сайжруулахыг аудитын байгууллагаас шаардаж байгаа учраас УИХ-ын хаврын чуулганаар аудитын байгууллагын орон тоог нэмэх, хариуцлагыг тодорхой болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ. Аудитын байгууллага УИХ-ын гар хөл болох учиртай байгууллага. Харин бусад байгууллагаас хараат бус байх ёстой. Мөн байгууллагуудад дотоод аудитын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүнд Үндэсний Аудитын газрынхан зөвлөгөө өгч, мэргэжлийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй юм” хэмээгээд аудитын байгууллага ил тод, хэний ч нөлөөнд автахгүй, ёс суртахуунтай, хариуцлагатай ажиллах учиртайг онцоллоо.
Үүний дараа зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Төрийн аудитын байгууллагын зарим ажилтнууд УИХ-ын даргаас асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Төв аймгийн ерөнхий аудитор Л.Жаргалсайхан, Орхон аймгийн ерөнхий аудитор н.Цогбадрах нар аудитын байгууллагын хараат бус байдлыг Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжуудад тусгах, хяналт шалгалт хийх явцад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авах шаардлагатай болдог. Гэтэл хууль хоорондын уялдаагүйгээс бэрхшээл тулгардаг талаар саналаа хэлсэн. Харин Хэнтий аймгийн ерөнхий аудитор Д.Баатархуяг, Ховд аймгийн ерөнхий аудитор Л.Галбадрах нар цахим технологийг орон нутагт нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг сайжруулах талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд эдгээр бүх асуултад хариулт өгч, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй Төрийн аудитын байгууллагын тухай хуулийн төсөлд саналаа тусгахыг хүслээ.
Үндэсний Аудитын Газрын 2012 онд хийсэн ажлийн талаарх зарим тоон үзүүлэлтийг дурьдвал: 2012 онд Засгийн газар, төсвийн эрх захирагчид, төсөл, хөтөлбөрийн болон төрийн өмчийн зарим байгууллагын нийт 369 санхүүгийн тайланд аудит хийснээс 340 байгууллагын санхүүгийн тайлан зөрчилгүй гарсан байна. Үлдсэн 27 байгууллагын тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгч, 2 байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Нийт аудитын 37,4 хувь нь буюу 138 санхүүгийн тайлангийн аудитыг өөрсдийн аудиторуудаар, 62,6 хувь буюу 231 санхүүгийн тайлангийн аудитыг хувийн хэвшлийн аудитын компаниудаар гүйцэтгүүлсэн байна.

Л.Жаргалмаа