УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран өнөөдөр /нэгдүгээр сарын 22/ Төрийн ордны хуралдааны “Б” танхимд “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлэг-зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЭҮК, Хууль зүйн яам зэрэг төр, засгийн болон Глоб интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, хууль сахиулах болон судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ улс орны эрчимтэй хөгжилд саад тогтгор бологч бул хар чулуу, нийгмийн хорт хавдар- авлигатай тэмцэхэд нийт иргэд, албан тушаалтнууд, улс төрчдийн хүсэл эрмэлзэл нэн чухал болохыг тэмдэглээд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсад авлигатай тэмцэх бүтэц, зохион байгуулалт бий болж, Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой институцийн болон эрх зүйн олон санаачилга хэрэгжүүлээд байгааг дурдлаа. Тухайлбал, 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөн байцаагчдын шалгах хэргүүдийг оруулж өгсөн нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн, Авлигын эсрэг парламентчидын Монгол дахь салбар 12 гишүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа, олон улсын Трансперенси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар манай улс 2011 он хүртэл 3 жил дараалан 120-д жагсаж байсан бол энэ жил 94-т жагссан нь жирийн иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын зүгээс гарч буй шүүмжлэлийг төр, засгийн байгууллагууд шат шатандаа хүлээн авч олон талт ажил хэрэгжүүлж байгаагийн үр дүн мөн хэмээн тэмдэглэв.
УИХ-ын дарга АТГ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчин, хараат бус байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэхэд төр, засгийн болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зэрэг аль болохоор олон талын оролцоог хангах шаардлагатай байгааг онцолж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газарт УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн сацуу шударга ёсыг тогтоох үйл хэрэгт амжилт хүссэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт АТГ-ын “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Батзориг “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт Монгол улсад: Гарсан дэвшил ба тулгарч буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсны дараа гадаадын хоёр илтгэгч авлигатай тэмцэж буй олон улсын туршлагаас танилцулав. Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенци ба түүний хяналтын механизм: Ерөнхий тойм ба хандлага” сэдэвт илтгэлдээ зөвхөн төр, засгийн байгууллага төдийгүй хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийн асуудлыг хөндөж, олон улсын түвшинд авлигын хэргийн хамаарах хүрээг тэлэх хандлага илэрхий ажигдагдаж байгаа нь авлигач этгээд хариуцлагаас мултрах, ял завшихаас сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрийн өндөр албан тушаалтантай авлигын хэргээр хариуцлага тооцохгүй өнгөрөх тусгай эрх ямба, дархлаа гэж байхгүй, авлигад орооцолдсон л бол хариуцлага хүлээх ёстой хэмээн онцлон хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн сүүлчийн буюу “Гадаадад хулгайлагдсан хөрөнгийг буцаах: Тулгарч буй асуудал ба ололт амжилт” сэдэвт илтгэлийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар ба Дэлхийн банкны хамтарсан хөрөнгө буцаах санаачилга байгууллагын ахлах зөвлөх Оливер Столпе тавьсан бөгөөд Батаар үлэг гүрвэлээ АНУ-аас буцаан авчрахаар нэлээд яриа хөөрөө болж буй манайх шиг улс орны хувьд гадаадад алдсан үндэсний өв хөрөнгөө эргүүлэн авахад ихээхэн ач холбогдол, сургамжтай илтгэл байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх гурван илтгэлтэй холбоотойгоор асуулт хариулт өрнүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн тайлангаас гаргасан зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсанаар олон нийтийн анхаарлын төвд ямагт байдаг чухал сэдвээр хийсэн энэ удаагийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

С.Отгонцэцэг