УИХ-ын дарга З.Энхболд Монголын өмгөөлөгчдийн холбоо(МӨХ)-ны шинэ ерөнхийлөгч Д.Батсүх, дэд ерөнхийлөгч бөгөөд нийслэлийн зөвлөлийн дарга Б.Ганбаатар болон Удирдах зөвлөлийн бусад гишүүнийг өнөөдөр /2012.11.27/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МӨХ-ны удирдлагууд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, түүнд өмгөөллийн байгууллагын оролцох оролцооны тухай, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд өмгөөлөгчийн гүйцэтгэх үүрэг, төлөвлөж буй бусад ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн өмгөөлөгчид эрх зүйн шинэчлэлд идэвхитэй оролцохын зэрэгцээ өмгөөллийн байгууллага өмгөөлөгчидөө бэлтгэх, сургах ажилд анхаарна гэдгээ УИХ-ын даргад мэдэгдэв.  Мөн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл боловсруулах ажилд өмгөөлөгчид оролцож байгаа талаар ерөнхийлөгч Д.Батсүх ярилаа.

УИХ-ын дарга З.Энхболд шинэ хуулийн үзэл баримтлалыг ойлгож ажиллах, шинээр боловсруулагдаж байгаа хуулийн төслүүдэд өмгөөлөгчид  аль болох идэвхитэй оролцож байхыг чухалчилсан. Уулзалтын төгсгөлд парламентын тэргүүн өмгөөлөгчдийг хүний эрхийг хамгаалах үйлстээ амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Дээрх уулзалтад УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Д.Ганзориг байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.