Иргэд ээ,

Бүгд Найрамдах Улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Богд хаант төр байгуулагдсан нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол Улсын шинэ үеийн түүхийн эхлэл болсон юм. 2011 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн хуульд зааснаар нийтээр амрах баярын өдөр болгож, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг анх удаа өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.

1924 оны энэ өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах Засагт шилжсэнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, парламентат ёсыг төлөвшүүлэх суурь үндсийг тавьсан.

Ахмад үе маань Үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан үлдээж, иргэн бүрийг Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, эрх зүйт төрийн тогтолцоог төлөвшүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Бид 1990 оны ардчилсан хувьсгалаар хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зүйлсийг бий болгох, төлөвшүүлэн хөгжүүлэх үүргээ биелүүлж байна.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаснаараа түүхэн ач холбогдолтой болсон.

2012 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулиар иргэд, сонгогчид Та бүхэн Ардчилсан намд итгэл хүлээлгэлээ. Бид төрийн бодлого, хууль эрх зүйн бүхий л салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, иргэдээ эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдруулж, тэднийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлж, үндэсний эрх ашгийг дээдлэн хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь та бидний үүрэг, үндсэн зорилго билээ.

Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь түүх, соёлоороо бахархах, хойч үедээ хадгалан үлдээх эрхэм зорилгыг агуулж байгаа юм.

Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байгаа Монгол Улсын Иргэн бүрт улс орноо шинэчлэх, хөгжүүлэх, бүтээн байгуулахад эх оронч сэтгэлгээ, хөдөлмөрч зан чанар, хичээл зүтгэл, идэвх санаачлага гаргах шаардлага тавигдаж байна.

Та бид 21 зуунд Монгол Улсаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ардчилалтай, шударга ёсыг эрхэмлэсэн, хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй, түүх соёлоо дээдэлсэн, төрт ёсны уламжлалаа хадгалсан улс болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.