2012-11-17
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллаа. Тэрбээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцан, 2014-2016 онд Өвөрхангай аймагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь солилцох зорилготой энэхүү томилолтоо эхлүүлсэн юм.

Өвөрхангай аймгаас Улсын Их Хуралд найман жил сонгогдсон түүнийг аймгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл, Зэвсэгт хүчний 256-р ангийн албан хаагчид, цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг Аюуш баатарын талбай дээр угтан авч, улмаар Хөгжимт драмын театр иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.

Улсын төсвийг баталсан хэрнээ дахин төсвийн хөрөнгө оруулалтын тухай санал авч яваа нь ямар шалтгаантай болохыг УИХ-ын дарга тайлбарлахдаа, “2013 оны төсөв нь 2012 оны төсвийн үргэлжлэл болсон. Шинэ УИХ, Засгийн газар бодлогоо шингээж чадаагүй. Үүнээс гадна жил бүр улсын төсөв баталж зохион байгуулалтыг алдагдуулж байхаар нэг мөр дөрвөн жилийнхээ төсвийг батлахаар болж, 2014, 2015, 2016 онд Өвөрхангай аймагт юу хийх вэ? гэдгийг та бүхнээс асуух гэж ирсэн юм” гээд Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлсэн юм.

Санал, асуултын үеэр уулзалтанд оролцсон иргэд хоёр хэсэг болон багахан маргаан үүсгэв. Иргэдийн гол санал нь “Өвөрхангайчууд бид төрд төлөөлөлтэй баймаар байна. Төлөөлөлгүйгээс болоод аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуй хохирч үлдэх магадлалтай” гэсэн утгатай байсны сацуу, орон нутгийн сонгуулийн цаг үе давхацсанаас шалтгаалан гхмчирхсан маргаан цаг орчим үргэлжиллээ.

Үүнд УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа “Өвөрхангай аймаг гишүүнгүй байснаараа улсын төсвөөс авах ёстой хөрөнгө оруулалтаа авч чадсангүй гэж зарим хүмүүс цуурхал тарааж байна. Тийм биш ээ. 2013 оны төсөв, хөрөнгө оруулалтыг жагсаахад Өвөрхангай аймаг дээрээсээ дөрөвт орж байна. Улсын Их Хуралд гишүүнтэй, гишүүнгүй гэдгээс үл хамаараад 2013 оны төсөвт 42.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өвөрхангай аймагт хуваарилжээ. Тэгэхээр аймгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэсэн үг. Өвөрхангайчуудын 80-90 хувь нь нам бус хүмүүс. Үлдсэн 10-20 хувь нь хоёр том намд хуваагдсан гишүүнчлэлтэй. Тэр хүмүүсийг ойлгож байна. Нэг нь Г.Батхүү, Д.Зоригт нарыг гаргах гэж “балешиклаж” байгаа. Нөгөө хэсэг нь С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ зааланд суусан хүмүүсийн үгээр Өвөрхангайн бүх иргэдийг дүгнэвэл буруу. Баруун талын хүмүүс их алга ташлаа гээд Батхүү, Зоригт нарыг гаргачихгүй, зүүн талынх нь илүү алга ташлаа гээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нар гарахгүй. Үүнийг та ч, би ч мэдэхгүй. Эцсийн шийдвэрийг хуулийн байгууллага гаргана” гэв. Иргэд УИХ-ын даргад хандаж худалдаа үйлчилгээний захыг цэгцлэх, тариаланчдыг дэмжих, эрчим хүчний уналтыг багасгах талаар санал хүсэлт тавьсныг тэрбээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж хариулсан юм.

Уулзалтын үеэр Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт үзүүлж яваа олон арван хүнийг төрийн одон медалиар шагнасан юм. Тухайлбал “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Жаргалыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдгээр, Баянгол сумын мал эмнэлгийн эмч Д.Төмөртогтох, Арвайхээр сумын гэрэл зурагчин С.Энэн-аа, ахмад сэтгүүлч Л.Жамба, аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Д.Ганбаатар нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн Н.Дашжамц, БОЭТ-ийн Хүүхдийн их эмч С.Долгорням нарын хүмүүсийг Алтангадас одонгоор, аймгийн ОБГ-ын нярав Р.Ганболдыг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнасныг гардуулсан юм.