УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсаас /БНЧУ/ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловаг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хатагтай Ивана Гролловаг монгол хэлээр тун сайн ярьж байгааг хэлээд, монгол хэлээр ийм чадварлаг ярьдаг Элчин сайд олон биш гэдгийг онцолж байсан юм. Тэрээр цааш үргэлжлүүлэн, Энэ удаагийн УИХ-д Монгол-Чехийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж буйг дурдаад хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай. Нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгосноос хойш багагүй бэрхшээл, хүнд хэцүү үеийг хамтдаа амжилттай даван туулсан. Хоёр талын харилцаа, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа нэлээн зогсонги байдалд орсон ч сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид харилцаагаа улам өргөтгөх, төлөөлөгчдийг харилцан солилцох сонирхолтой байна гэв.

Элчин сайд хатагтай Ивана Гроллова УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлж, хоёр улс хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан туршлагатай. Сүүлийн жилүүдэд усны менежмент, усны хайгуулын чиглэлээр Завхан аймаг, Сайншанд суманд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байгаа төдийгүй Дундговь аймагт энэ талын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа дуулгалаа. Мөн цаашид эрчим хүчний аюулгүй байдал, соёл урлаг зэрэг хэд хэдэн салбарт туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, Европын стандарт, норм хэмжээг нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг хэрэгжүүлэхэд Чех Улсын туршлагаас судлах, дэмжлэг авах эрмэлзлэлтэй буйгаа хэлээд усны менежментийн асуудлаар “Эрдэнэс таван толгой” компанитай хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.