2012.10.29

Манай улсад албан ёсоор айлчилж буй Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын нэгдүгээр орлогч дарга ноён Чарён Чанкомол тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2012.10.29/ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.
Уулзалтын эхэнд З.Энхболд дарга энэхүү айлчлал сүүлийн 20 жилд хоёр улсын харилцаа шинэ шатанд идэвхитэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн онцоллоо.
Тайланд, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 40 жил болж байгаа юм. Энэ хугацаанд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж харилцан айлчилж иржээ.
Ноён Чарён Чанкомол, Улсын Их Хурлын даргатай хийсэн уулзалтын үеэр тайландчууд Монгол Улсад зочлох сонирхол их байдаг. Тиймээс Бангконг-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болох талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн дэлхийд цагаан будаа, чихрийн үйлдвэрээрээ алдартай Тайландын Вант улс Монголд хамгийн хямд, чанартай цагаан будааг экспортлох боломжтой гэв. УИХ-ын дарга З.Энхболд үүнийг анхаарах асуудал гэж онцлоод Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад уламжлана гэдгээ мэдэгдсэн. Мөн хоёр улсад харилцан зорчигч олон бол шууд нислэгийн асуудлыг судалж шийдэх бололцоотой гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлэв.
Уулзалтын төгсгөлд ноён Чарён Чанкомол Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд төлөөлөгчдийн танхимын спикер ноён Сомсак Киапсуранонт УИХ-ын дарга З.Энхболдыг Тайландын вант улсад айлчлахыг урьсныг дуулгаж, урилгыг албан ёсоор гардууллаа.
Тайландын вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын нэгдүгээр орлогч дарга ноён Чарён Чанкомолыг дагалдан танхимын 14 гишүүн албаны бусад хүмүүс дагалдсан юм.
Дээрх уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Л.Цог, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын ГХХАХ-ийн дарга Ц.Нарантунгалаг, Тайландын Вант улсын Өргөмжит консул Л.Лхагва болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.