2012-10-18 Өдрийн сонин

-ГИШҮҮДИЙН ГЭГДЭХ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХЭД ГЭНЭТ ХАСЧИХСАН ЮМ БИШ-

УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Шинэ Засгийн газрын анхны төсвийг сайн муугаар нэлээд шүүмжилж байна?

-Ирэх оны төсвийн тухай хүмүүс олон янзаар ярьж байгаа. Энэ төсвийг түрүүчийн Засгийн газрын үед боловсруулсан учраас шинэ Засгийн газар өөрийн бодлогоо бүрэн шингээж боловсруулалт хийх цаг байсангүй. Тэгээд ч сонгуулийн жилтэй холбоотой байсан учраас хүмүүс олон өөр шүүмжлэл өрнүүлж байгаа байх. Жишээлэхэд би Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцоход Ц.Нямдорж гишүүн 2013 оны төсвийг ихээхэн шүүмжилж байсан. Тэгэхэд нь Х.Тэмүүжин сайд “Энэ өөрийн чинь бэлдсэн төсөв. Нэг ч төгрөг нэмж хасалгүй оруулж ирсэн” гэж хариулж байна лээ. Шууд хэлбэл түрүүчийн сайд нар, Засгийн газрын бэлдсэн төсвийг энэ УИХ хэлэлцэж байна гэсэн үг. Тиймээс шинэ Засгийн газрын бодлого бүрэн дүүрэн шингэсэн гэж хэлэх бололцоогүй юм. Бүр тодруулбал УИХ-аар одоо хэлэлцэж буй төсвийг бэлдэх ажил 2012 оны төсвийг баталсны маргаашаас эхэлдэг. Төсвийн төсөөлөл болон бүх аймаг, хот, сум, дүүргээс санал авч ямар арга хэмжээг үргэлжлүүлэх хэрэгтэй байна, аль арга хэмжээг нь зогсоох вэ гэх мэтчилэн бэлтгэгддэг. Тэгэхээр энэ жилийн төсөв хуучин энерциэ хадгалж орж ирсэн.

-МАН-ынхан ирэх оны төсөвт хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрсдийнхөө бэлдсэн төсвийг ингэж шүүмжилж байгаа нь асуудлыг улстөржүүлж байгаагийн илрэл гэсэн үг үү?

-Энэ бол улс төр болчихсон асуудал. АН орон нутаг болоод УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулъя гээд барсангүй. Тэгсэн бол орон нутгийн сонгууль болохын өмнөхөн төсөв хэлэлцэхгүй байхаар байсан. Сонгуулийн өмнө төсөв хэлэлцэхэд хэцүү. Ямар муу Засгийн газар, ямар муу төсөв өргөн барьсан тухай ярьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх гэсэн санаа, сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг нь юм. Харин өөрсдийнхөө бэлдсэн төсвийг хүртэл шүүмжилж байгаа нь гайхал төрүүлж байна.

-Хамгийн их шүүмжлүүлж байгаа хэсэг нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх 50 тэрбум төгрөгийн асуудал байна?

-Задаргаагүй мөнгө тавилаа гээд байгаа. Төсвийн тухай хуулиараа задаргаагүй мөнгө тавьж болохгүй нь үнэн. Гэхдээ УИХ, Засгийн газарт итгэж задаргаагүй мөнгийг тавьж өгсөөр ирсэн. Жишээ нь “Монгол мал хөтөлбөр” гэж гуравхан үг бичээд 32 тэрбум төгрөг тавиад л явуулж байсан. Доторхийг нь ХХААХҮ-ийн сайд нь шийдэг гээд боломжийг нь олгосон. Зураг төслийн мөнгө гээд ямар байхыг нь асуулгүйгээр 10 тэрбум төгрөг тавьж өгч л байлаа. Үүнтэй төстэй мөнгийг Засгийн газар оруулаад ирсэн. Үүнийг болохгүй гэж үзвэл эрэг, шургаар нь задалж бичдэг Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж болно. Өнөөдөр байшингийн зураг нь байхгүй ч байшин барих нь хэрэгтэй тохиолдлууд нийт төсөвт байгаа. Тодруулбал өмнөх Засгийн газар дүүрэг бүрт шүүх, прокурорын барилга барина гээд оруулсныг шинэ Засгийн газар хотын баруун, зүүн хэсэгт тойргийн шүүх, мөрдөн байцаах газар байгуулъя гэж үзсэн. Ингээд бодлого нь бэлэн болсон ч зураг нь бэлэн болоогүй асуудал байна. Ийм ажлуудыг санхүүжүүлэх нь хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа бол өмнөх Засгийн газрын шийдэгдсэн “Монгол мал хөтөлбөр” хууль зөрчсөн болох уу. Үүнээс үүдээд хамтарч байхад болсон, цөөнхийн байр сууринаас хандахаараа болохгүй гэж ханддаг хоёр өөр стандарт гарах нь. Ер нь Засгийн газар тодорхой бага хэмжээний мөнгийг  зориулалттайгаар аваад задаргааг нь ирэх жилийн тайландаа тусгадаг хуулийн зохицуулалт хэрэгтэй болох нь.

-“Засгийн газраас уран хайх, Атомын цахилгаан станц барих хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Хэрвээ энэ асуудал дэмжигдвэл яриад байгаа 50 тэр-бум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглаж магадгүй” гэж МАН-ын гишүүд хэлж байна?

-Уран хайхад Монгол Улс мөнгө зарцуулахгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахыг хориглосон. Харин манайд уран хайж байгаа гадны компаниуд одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу ажиллаж байгаа. Тэд эрсдлээ өөрсдөө хүлээнэ. Тэд нөөцийг тогтоох юм бол шар нунтаг болгох хүртэл боловсруулахыг зөвшөөрсөн хуультай. Хуулийнхаа хүрээнд ажиллахаас биш тэгж магадгүй гэдгээр асуудалд хандах нь үндэслэлгүй юм. Манай нам мөрийн хөтөлбөртөө Цөмийн энергийн одоогийн хуулийн хэрэгжилтийг мөрдөнө. Нэмж  өөрчлөлт оруулахгүй гэж амласан. МАН-ын Засгийн газрын Г.Занданшатар, Д.Зоригт нар сайд байхдаа энэ бүх шийдвэрийг боловсруулж, батлуулсан. Одоо биднийг ингэж гүтгэх хэрэггүй.

-Энэ Засгийн газрын үед ихэнх халамжийг цуцалж байгаа. Хэрэгжих нэг халамж нь хүүхдийн мөнгө. Энэ тухайд?

-Халамж өгснөөр ядуурал буурна гэсэн ойлголт байдаггүйг бид харлаа, ойлголоо. Харин ч халамж өгснөөр бараа, таваарын үнэ өсч нэмэр биш нэрмээс болсон. Тэгэхээр зөвхөн ажил хийх бололцоогүй, бидний ирээдүй болсон хүүхдүүддээ 20 мянган төгрөг өгье гэж шийдсэн. Бүгдээрээ ажил хийе. Халамж хүлээж суухаа больё гэсэн ийм л төсөв оруулж ирсэн. Гэтэл МАН-ынхан халамжийг хавтгайруулах л асуудлыг сөргүүлж тавиад байгаа. Нөгөө л орон нутгийн сонгуулийн өмнөх “Манайхан та нарт мөнгө өгөх гэж оролдлоо. Харин АН-ынхан өгөхгүй байна” гэж харуулах гээд байгаа нь тэр. Асуудал нь байгаа мөнгийг өгөхгүй гэсэндээ биш, харин нэг их наяд төгрөгийн өртэй байгаа үед яах вэ гэсэн юм. Энэ өрнөөс яаж гарахаа мэдэхгүй байхад насанд хүрсэн хүнд мөнгө өгнө гэдэг боломжгүй асуудал. Нэмж өр тавилтай нь биш дээ.

-Монгол Улс одоо байгаа өрнөөсөө хэдийгээр гарах бол. Тооцоо судалгаа байна уу?

-Оюу толгой, Таван толгойгоо ажиллуулж байж л төлнө. Өөр төлөх юм байхгүй. Гэтэл нүүрсний үнэ уначихсан байдаг. Энэ мэтээр хүндрэлтэй ажил хүлээж авсан. Нэг их сайхан мөнгөний авдар хүлээлгэж өгчихөөд түүнээс нь нийгмийн эмзэг хэсгийнхэнд мөнгө өгөхгүй байгаа юм биш. Хүүхдэд өгөх мөнгөний эх үүсвэрийг ихээхэн зовж байж босгосон. Тодруулбал бусад үр ашиггүй хөрөнгө оруулалтаа зогсоож байгаа юм. Төсөв чинь өөрөө тодорхой тоонд байдаг. Зургаан их наяд гэвэл түүгээрээ л байна. Хүүхдийн мөнгө өгье гэхээр гэнэт 240 тэрбум төгрөг гараад ирэхгүй. Тэгэхээр одоо төсөвт байгаа зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтаа зогсоож байж л суларсан мөнгийг хүүхдэд өгнө.

-Хүүхдэд халамжийн мөнгө өгч байгаа хэрнээ хүүхдийн хоолны мөнгөний талыг эцэг эхчүүдээс гаргуулж байгаа нь хүүхдэд хайртай дүр эсгэсэн явдал гэж МАН-ын гишүүд чуулганы танхимд асууж байсан?

-Харин ч эсрэгээрээ Засгийн газрын хуралдаан дээр хүүхдийн хоолны мөнгөний талыг нь эцэг эхчүүдээс гаргуулж байх санал орж ирээд дэмжигдээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл, бид хүүхдийн хоолны мөнгийг ч, хүүхдийн халамжийн мөнгийг ч төр гаргаж байгаа шүү дээ. Асуудлаа ойлгоогүй юм уу эсвэл мэдэн будилж байгаа нь иргэдийг төөрөгдүүлэх гэсэн л оролдлого.

-Хүүхдийн мөнгийг хэдий хүртэл олгох вэ. Эцэг эхчүүд нааштай хүлээж авч байх шиг байна?

-АН олуулаа болж ЗГ-аа байгуулсан тул ирэх дөрвөн жилд хүүхдүүддээ мөнгийг нь  олгоод л явна. Бид үүнийг хийх ёстой зүйл гэж үзэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ха-ламжийн асуудал дээр маш олон зүйлийг туршиж үзсэн. Ард түмнээс хамгийн их дэмжлэг авсан нь хүүхдийн мөнгө. МАН-ынхан засаг барьж байхдаа хүүхдийн мөнгөнөөс хураамж авдаг байсан бол С.Эрдэнэ сайд хураамжгүй болгосон. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр хүүхдийн мөнгийг хураамжгүй тараах арга боломж байсан гэсэн үг. Зөвхөн санаачилга, сэтгэл л хэрэгтэй.

-Төсвийн зардлыг нэлээд хассаны нэг нь гишүүдийн гэгдэх тэрбум төгрөг байгаа?

-Уг нь гишүүдийн мөнгө гэж байгаагүй. Харин гишүүдээс санал авч санхүүжилт хийгддэг мөнгө төсөвт суугддаг байсныг зарим гишүүд буруу ашиглаж Засгийн газарт бичиг явуулж, намынхандаа мөнгө өгч сонгуулийн үеэр тараалгасан гэдэг асуудлаар хэрэг үүсч шалгагдаж байгаа. Энэ мэтийн асуудлаас болоод гишүүний тэрбум гэдэг яриа тарсан. Энэ оны эхээр АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гишүүний гэж нэрлэгдсэн мөнгийг байхгүй болгохоор тусгасан, ажил хэрэг болж байгаа. Жишээ нь, өнөөдөр төсөв хэлэлцэж байхад АН-ын гишүүд төсвийн зардлыг нэмэгдүүлэх саналыг гаргая гэвэл заавал төсөл дотор байгаа нөгөө нэг заалтыг хасч байгаа, эх үүсвэргүй санал гаргаж зардал өсгөдгийг хориглосон байгаа.

-Тэрбум төгрөгийг гишүүд тойрогтоо зарцуулах эрхтэй байсан. Үүний оронд орон нутгийн төсөвт хөрөнгө нэмэгдэх үү?

-Гишүүдийн тэрбум төгрөг гэдэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт бариг-дах барилга объектууд байсан юм. Түүнээс биш гишүүд тэрбум төгрөг авч байгаад захиран зарцуулна гэсэн ойлголт биш. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ төсвийн тухай хуулиар “Орон нутгийг хөгжүүлэх сан” бий болгож түүнд төвлөрсөн төсвөөс хүн амын тоо, газар нутгийн хэмжээ гээд хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан нэмэлт шилжүүлэг хийх замаар Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх бололцоог нээж өгч байгаа. Энэ бол орон нутгийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлж байгаа бодитой дэмжлэг юм.

-Орон нутгийн сонгууль ойртож байна. Хууль нь мөн л шүүмжлэл дагуулсаар байгаа?

-Сонгуулийн холимог хувилбар бол иргэдийн саналыг бүрэн тусгах тал дээр давуу гэдэг нь ойлгомжтой. Мажоритар сонгууль нь ялсан нэг хүн л төлөөлөгч болдог, харин 10-хан саналаар дутуу санал авсан хүн, түүнийг дэмжиж саналаа өгсөн мянга мянган хүний тө-лөөлөл огт тусгагддаггүй байсан. Өрсөлдөгчид өгсөн 49% санал гээгддэг байсан. Бид үүнийг л өөрчилсөн.

-Засаг дарга нарыг иргэд нь сонгодог болъё гэж байнга ярьдаг ч мөн л шийдэгдсэнгүй?

-Үүнийг хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ынхан зөвшөөрөөгүй. Үндсэн хуулинд хоёргүй тайлбараар “Аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлж харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга нь тус тус дөрвөн жилийн хугацаатай томилно” гэсэн байдаг. Ийм заалттай учраас сонгуулийн хуулиар зохицуулах боломжгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал 2016 оны орон нутгийн сонгууль шинэ системээр буюу сумын Засаг даргыг сонгогчид сонгодог болж болно.

-Өнөөдрийг хүртэл МАН-ынхан бүлэггүй байна. Асуудалд УИХ-ын даргын хувьд яаж хандаж байгаа вэ?

-УИХ-ын дарга хуулийн дор, хуулинд захирагдаж ажлаа хийдэг. Захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын дэгтэй холбоотой, шинэ УИХ яаж ажиллахтай холбоотой хуулиудыг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Тэр үед асуудлыг авч үзэх боломжтой. Хуулийг нь яагаад өөрчлөх шаардлагатай болсон бэ гэвэл 1990 оноос хойш монголчууд зургаан удаа парламентын гишүүдийг сонгож Их Хурлаа бүрдүүлсэн. Энэ хугацаанд олонхи болоогүй тохиолдол хоёр дахь удаагаа гарч байна. Энэ удаагийн тохиолдолд дэгийн хуулиар зохицуулалт хийхэд хүндрэл үүссэн. Жишээ нь олонхитой УИХ-ын олонхи нь бусад намтайгаа ярилгүй асуудлаа шийдээд явдаг хуультай. Олонхигүй байж, эвссэнээс хамаараад дэгд өөрчлөлт оруулах хэрэг гарсан. Тиймээс дэгийн хууль тухай парламентын онцлогтоо таарсан байх нь зөв юм. Ингэж үзээд хуулийн төслийг боловсруулж байгаа. Дотор нь МАН-ыг бүлэггүй болгосон 24 цаг гэсэн заалтын асуудал ч орсон.

-“З.Энхболд УИХ-ын дарга болсон даруйдаа МАН-ынхантай уулзаж бүлэг байгуулах хуулийн төслөө оруулаад ир, батлаад өгье гэсэн амлалт өгсөн. Одоо амлалтаа мартаж” гэсэн яриа гараад байна?

-Зөвхөн МАН-д зориулсан, МАН-ыг бүлэгтэй болгох хууль гаргах боломжгүй. Асуудал нь өөрөө том учраас завсарлага, дэг гэх мэтээр олон хуримтлагдсан асуудлуудыг зохицуулах хууль боловсруулах ажлын хэсэг гаргаж судлуулахаар болсон юм. Ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг олонхи, цөөнх дэмжвэл хэлэлцүүлэгт ороод л явна. Яг өнөөдрийн байдлаар саналаа нэгтгээгүй байна. Хуулийн төсөл бэлэн болоод дэмжигдвэл УИХ-ын даргатай, даргагүй хэлэлцэгдээд явдаг дэгтэй.

-Хууль батлагдтал МАН бүлэггүй явна гэсэн үг үү. Хууль гарлаа ч эргэж үйлчилдэггүй гэсэн зарчим бий?

-Хууль батлагдвал наадмын өмнөх цаг хугацаа руу буцааж үйлчлүүлэх үү, үгүй юу гэдгийг УИХ өөрөө шийдэх юм. Ер нь МАН-ынхан бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай УИХ-ын үйл ажиллагаанд оролцоо чөлөөтэй ажиллах боломжтой. Гишүүд нь МАН-ын бүлэг гэсэн бланк дээр байнгын хороонд орох саналаа ирүүлсэн байна лээ. УИХ-д ийм байгууллага байхгүй учраас “Бүлэггүй гишүүд яаж байнгын хороонд ордог журмаар сана-лаа ирүүл. Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар байнгын хороонд элссэн журмаар саналаа өг. Ийм журмаар явна, хууль нь тийм” гэдгийг би хэлсэн. Одоо бол МАН-ынхан хуралдаа орж суугаад асуудлыг хэлэлцэж саналаа өгөх бүрэн боломжтой, бас эрхтэй. Хуультай зүйл хуулиараа л явах ёстой. Түүнээс биш З.Энхболд ааш муутайдаа тэднийг бүлэггүй байлгаж, байнгын хороонд оруулахгүй байгаа юм биш.

-Яг энэ үйл явдлууд дээрээс үндэслээд УИХ-ын дарга МАН-ынханд хатуурхах болсон гэсэн яриа гарах боллоо?

-УИХ-ын 71 гишүүнд би адилхан хандаж байгаа. МАН-ынхнаас өөр гомдол гаргаж байгаа гишүүн байхгүй. АН-ын 31, эвслийн 10, бие даагч гурав, ИЗНН-ын хоёр гишүүн гээд бүгдэд нь ажиллах ижил нөхцөл гаргаж өгсөн. МАН-ынхан биднийг үг, хэлүүлэхгүй, байнгын хороонд оруулахгүй байна гээд гомдоллоод байгаа. Чуулган дээр хамгийн их үг хэлж, тодруулга авч байгаа нь МАН-ынхан. Байнгын хороон дээр ч энэ асуудал ижил. Зөвхөн аль нэг байнгын хороонд оръё гэсэн хүсэлтээ ирүүлэхэд л хангалттай. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд Ө.Энхтүвшин дарга сууж хаана, хэзээ, ямар хурал болохыг бүгдийг нь мэддэг. Хяхаж хавчсан юм байхгүй. Тэд өөрийнхөө дуртай асуудалд суудаг, дургүй асуудалдаа суудаггүй тийм л дураараа болчихоод байгаа.

-Байнгын хороодын гишүүдийг цөөлсөн гэх мэт асуудлаас үүдэн АН-ынхан өөрсдөдөө тохирсон хуулийг л баталдаг гэсэн нэр зүүж эхэллээ?

-АН-ынхан Өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгэхээр 76 гишүүний тоо өөрчлөгдөөгүй тохиолдолд нэг байнгын хороонд харьяалагдах гишүүний тоо буурч таарна. Анхдугаар чуулган УИХ өөрийгөө зохион байгуулах хурал учраас байнгын хорооны тоог нэмсэн.

-Бас энэ удаагийн УИХ-ын олонхийг бүрдүүлэгчид бүгд дарга, сайд болсон гэх шүүмжлэл байгаа?

-Тийм шүүмжлэл байгаа. Энэ УИХ-ын өөрийнх нь онцлог. Дөрвөн жилийхээ ажлыг төлөвлөж баталлаа. Түүндээ таарсан Засгийн газартай байна гэлээ. Хуучин агентлаг гэж нэрлэгдэж байсан газруудыг яам болгосноос биш хүнд суртал нэмэгдсэн нь үгүй. Харин ч эсрэгээрээ агентлагуудын тоо цөөрсөн.

-УИХ хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах бол?

-Улаанбаатарын хоёр тойргийн асуудал хүлээгдэж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 21-нд дахин санал хураалт явуулна. Шүүх дээр байсан Өвөрхангайн асуудал шийдэгдэж СЕХ шийдвэрээ УИХ-д өргөн барилаа. УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй болох асуудлууд ээлж дараалан шийдэгдэж байна.

Л.МӨНХТӨР