ИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Манай улсад шатахууны хямрал нүүрлэж байна. Төмөр зам дахиад хязгаарлалт хийхээ зарлалаа. Энэ байдал нэлээд удаан үргэлжлэх нь ээ?

-ОХУ-ын тал ч, тус улсын хэвлэлүүдэд ч  арванхоёрдугаар сараас  нийлүүлэлт тасалдана гэж  мэдэгдэж, мэдээлж  байсан. Бүх түүхий нефтиэ гадагш нь гаргачихсан учир хомсдол нүүрлэж, дотооддоо боловсруулдаг   үйлдвэр түүхий эдгүй болох  нь  гээд бичээд л байсан. Тэр үед манай улсын холбогдох байгууллагууд шуурхай ажиллаад, нөөцөө хангалттай бүрдүүлэхэд анхаарсан бол байдал  арай ч ингэж хүндрэхгүй л байлаа. Тусгай агентлаг хүртэл  байгуулаад байх  тусам улам  л дордоод байх юм. Өмнө нь Газрын тосны газар гэсэн агентлаггүй байхад ийм хомсдол үүсч байгаагүй  шүү дээ. Ингээд бодохоор ийм байгууллага байх хэрэгтэй ч  юмуу даа.Шатахууны хомсдол нүүрлэхээс сэргийлж, ажлаа зохион байгуулж чадахгүй  бол татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байх шаардлага байна уу. Импортлогч компаниуд ОХУ-ын компанитай ярилцаад л бензин, шатахуун оруулж ирээд дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа. Үүнд  төрийн дээрх байгууллагын  оролцоо ч шаардлагагүй. Харин шатахуунаар тас-лахгүй байхын төлөө л Газрын тосны газрынхан ажиллах ёстой. Гэвч Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь ажлаа хийж чадахгүй байна. Цахилгаан  тасалдахгүй гэх баталгаа алга. Манай улсын эдийн засаг хурдацтай тэлж, томорч байгаа учир эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрч байна. Энэ салбарын сайд цахилгаан станц шинээр барих ажлыг  эхлүүлэхгүй, шийдэхгүй байсаар сонгууль болох нь. Цахилгаан станцууд нь  хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Хүнийг өдөр болгон 10 км гүйлгээд байх юм бол удалгүй бахардаж унана аа даа. Түүн шиг станцууд тодорхой хэмжээний хүчин чадлаа нөөцөд хадгалж үлдэж байх ёстой. Гэтэл тэгж нөөцлөх байтугай хамаг хүчин чадлаа шавхан ажиллаж дөнгөн данган нь эрчим хүчээр хангаж байна.

-Гурван жилийн өмнө  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Тамсаг, Зүүн баянд очиж ажиллаад салбарын яам, агентлагт үүрэг чиглэл болгоод байсан байх аа?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Монголд газрын тос олборлож  байгаа байдалтай танилцахаар Тамсаг, Зүүнбаянд  очиж байсан. Газрын тосыг газар дээр боловсруулах жижиг үйлдвэр бариад тэр хавийнхаа аймгуудын шатахууны хэрэгцээг ханга гээд хэд хэдэн чиглэл өгсөн. Түүнээс нэг нь ч  ажил хэрэг болоогүй ээ.

-УИХ-аас баталсан олон ч бичиг баримтад нефть боловсруулах үйлдвэр барь гээд тусгасан л байх юм. Засгийн газар нь, салбарын яам нь ажил хэрэг болгосонгүй. Санаатайгаар ажил хэрэг болгохгүй байна уу…

-Тийм л дээ. УИХ бодлогыг нь тодорхойлж, зөндөө л баримт бичиг  баталж гаргасан. Монгол шиг том газар нутагтай оронд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэрийг ашиг харж бус бодлогоор байгуулах ёстой. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдлын тухай асуудал шүү дээ. Нефть нэрэх гэсэн бодлого  дампуурч дууслаа. Нүүрснээс шингэн түлш гаргах гэсэн бодлого огт хэрэгжсэнгүй. Ерөөсөө Засгийн газар УИХ-аас өгсөн газрын тос, нүүрсний салбарт хэрэгжүүлэх  даалгавруудаас нэгийг нь ч биелүүлээгүй.

-Д.Зоригт сайдыг огцруулъя гэж хоёр ч удаа бичиг өргөн бариад дийлээгүй  л дээ?

-Хэдэн гишүүн л  ажил хийхгүй байгаа сайдыг огцруулъя, оронд нь чаддаг хүнийг тавья гээд хоёр ч удаа асуудал оруулахаар  УИХ-д олонхи болсон намынхан үгүй, байж байг гээд аваад үлдсэн. Ингэж хамгаалж байгаа нь монголчууд бензин, дизелийн түлшээр тасалдаж байг, өндөр үнэтэй шатахуун хэрэглэж  байг, газрын тос боловсруулах үйлдвэр барихгүй байг гэж хэлж байгаагаас ялгаа юу байна аа.

-Сүүлийн 20 жилийн хугацаанд МАН-ынхан голчлон засгийн эрх барьсан. Энэ улс төрийн хүчин монголчуудыг шатахууны хувьд оросуудаас хамааралтай байлгах бодлого бариад байгаа юм биш үү?

-Нефтийн үйлдвэр барихгүй байсан нь эдийн засгийн шалтгаантай  байсан л даа. ОХУ-аас нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүн хямд үнэтэй. Тиймээс  түүхий эд гаднаас аваад нэрээд гаргахаар  үүнээс илүү үнэтэй болчихно. Хойд хөршөөс хямд үнэтэй шатахуун орж ирээд байхаар нефть боловсруулах үйлдвэр барих эдийн засгийн сонирхлыг төрүүлэхгүй байгаа юм. Гэхдээ  гурав, дөрвөн жилийн өмнөөс  үнэ  ч өөрчлөгдөж, байдал ч өөр болсон.

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулахад асар их мөнгө хэрэгтэй, нарийн тоног төхөөрөмж шаардлагатай, баргийн компани байгуулж чадахгүй гээд  байх юм. Үнэхээр тийм хэцүү гэж үү?

-Энгийн үгээр хэлэх юм бол монгол архи нэрэхтэй л адилхан. Зуухан дээр тогоо, бүрхээр тавьж гал өрдөхөд  тоссон саванд архи дусал дуслаар гоождог. Түүн шиг л нефтийн бүтээгдэхүүнийг нэрдэг. Чеченьд гэхэд айлууд нь хашаандаа таван тонны ёмкость тавьчихаад доороос нь гал түлээд шууд нэрэлтийн бензин гаргаж аваад түүнийгээ машиндаа хийгээд унаад явдаг юм билээ. Хамгийн энгийн арга нь энэ. Харин үйлдвэр бол үүнээс илүү боловсронгуй  байх нь мэдээж. Олон дахин нэрэх гээд технологийн хувьд ялгаатай байна. Гэхдээ монгол хүн хийж чадахгүй, дааж давшгүй их хөрөнгө шаардлагатай гэвэл хэтэрхий төөрөгдүүлж байгаа хэрэг. Нефтийн үйлдвэр байгуулах нь олон талын ашигтай. Нефть боловсруулахад шатахуун гаргаж аваад үлдэгдлийг нь химийн үйлдвэрт ашигладаг. Машины дугуй, резин,  гэр ахуйн  хэрэгслийн  маш олон төрлийн зүйлийг үйлдвэрлэж байна шүү дээ. Нефтийн үйлдвэртэй болох нь шатахууны тодорхой хэрэгцээг хангаад зогсохгүй аж үйлдвэр дагаж хөгждөг.  Тиймээс улс болгон  нефть боловсруулах үйлдвэртэй байхыг чухалчилдаг.

-Дарханд үйлдвэр барья, Японоос дэмжлэг үзүүлье гэж яригдаж байгаа. Ер нь Монголд том үйлдвэр барих нь ашигтай юу эсвэл жижиг, жижиг үйлдвэртэй болох нь дээр үү?

-Тамсаг, Зүүнбаянд газрын тосны олборлолт дахин сэргэснээс хойш  нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэж олон жил ярьж байгаа. Энэ хоёр газраас олборлож байгаа газрын тос  дотоодын хэрэгцээг бүрэн  хангаж дийлэхгүй. Гэхдээ л бүс нутгийнхаа хэрэгцээг хангах бололцоотой. Дарханд барья гээд байгаа шиг  нүсэр том үйлдвэр Монголд зохимжгүй. Манай улс өргөн уудам нутагтай учраас хол тээвэрлэхээр үнэ нь  өсчихдөг. Тиймээс газрын тос олборлож байгаа тэр газар дээр нь жижиг үйлдвэр хэд хэдийг барих нь илүү үр ашигтай. Тиймээс дотооддоо олборлож байгаа газрын тосыг боловсруулья гэж төслөө бичээд тусгай зөвшөөрөл өгөөч гээд байгаа  хувийн компаниудад цааргалалгүй олгох хэрэгтэй. Улсаас нефть боловсруулах том үйлдвэр барих шаардлагагүй гэж боддог. Хувийн компани барьж байгуулъя гэхээр ашиг бага байхаар байна  гэсэн тооцоо байдаг юм билээ. Тиймээс түүхий нефтиэс татвар авахгүй гэж хөнгөлөлт үзүүлж болно шүү дээ. Тэгвэл үйлдвэрүүд дотоодын газрын тосыг нэрэхийн зэрэгцээ гуравдагч орноос ч юмуу түүхий эд худалдан аваад боловс-руулаад  зах зээлд нийлүүлнэ. Мөн ууршдаггүй удаан хугацаанд хадгалж болдгоор  нь овоохон багтаамжтай сав бэлдээд түүхий нефтийг нөөцөлж болж байна. 200-300 мянган тонноор хадгалъя л даа. Мөнгө хадгалах, түүхий нефть хадгалах ямар ч ялгаагүй болсон. Би ийм л  зүйл яриад байгаа. Үүнийг ойлгоод хэрэгжүүлээд явдаг Газрын тосны газар, яам хэрэгтэй байна. Энэ хоёр байгууллага сүүлийн жилүүдэд  Монголд яаж нефтийн үйлдвэр байгуулахгүй байя гэсэн бодлого явуулж байгаа. Хүн хувийнхаа  мөнгөөр үйлдвэр байгуулъя гэхээр зөвшөөрөл өгөхгүй дараад байгаа хүмүүстэй  юу ярихав дээ.

-Хувийн компаниуд дангаараа байгуулах боломж тааруу, нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэж голоод байгаа юм шиг байна лээ?

-Монголчуудыгаа  чадахгүй гэж боддог хүн сайдын албыг яаж олигтойхон хаших вэ дээ. Монголчууд бүгдийг чадна. Нефть боловсруулаад  зарахад  ашигтай л байвал манайхан барьж байгуулаад шатахуун үйлдвэрлэж дөнгөнө. Харин ашиггүй бол тийшээгээ зүглэхгүй л дээ.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Д.Зоригт сайд төрийн өмч давамгайлсан нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар ярьж байгаа гэж мэдэгдэнэ лээ?

-Хэн ч түүнд тийм эрх өгөөгүй. Ашиггүй байх юм бол улс үйлдвэр бариад, ашигтай байх юм бол хувийнхан байгуулдаг байж болохгүй шүү дээ. Төрийн өмчийн үйлдвэр барьчихаад алдагдалтай байна гээд улсын төсвөөс мөнгө саах арга сэдэж байгаа юм байна л даа.

-Төр оролцоно гэж байхаар татварын бодлогоор дэмжихэд хувийн хэвшлийнхэн  хөрөнгө гаргаж байгуулаад ядахдаа зүүн бүсийн аймгуудыг шатахуунаар хангаад байх боломжтой байх шүү?

-Төрийн оролцоотой гэж байхаар татварын бодлогоор хувийн хэвшлийнхнийг дэмжих л хэрэгтэй. Нефтийн үйлдвэр барья гээд хэд хэдэн компани хүсэлт гаргаад байгаа юм билээ. Тэд тооцоо, судалгаа хийсэн нь мэдээж. Тэднээс ямар бэрхшээлд байна гэдгийг нь асуух хэрэгтэй. Импортоор орж ирж байгаа хямдхан бензинтэй өрсөлдөж чадахгүй гэвэл түүхий эдийг нь татвараас чөлөөлж өгч болно шүү дээ. Тэгээд дотооддоо олборлож байгаа газрын тосыг боловсруулаад боломж байвал гадаадаас түүхий нефть оруулж ирээд үйлдвэрлэлээ явуулж болно.

-119 сая тоннын нөөцтэй газрын тосны орд илэрлээ, Монгол Улс олборлогч орон боллоо гэж дэлхий дахинд  зарласан.  Тэгэхээр бас чиг чамлахаар чанга атга гэгчээр багагүй нөөцтэй юм биш үү. Хятадууд бага гэж чамлахгүй манайд олборлож байгаа газрын тосыг хамж аваад  нефть нэрж гаргаад байгаа шүү дээ?

-Өнөөгийн илрээд байгаа нөөц тийм ч хангалттай биш. Гэхдээ цаашид нэмэгдэх магадлал өндөртэй. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдвэл нөөц улам л өснө. Манай улс газрын тосгүй  орон биш шүү дээ.

-Энэ мэт асуудлуудыг Засгийн газар ч, салбарын яам, харьяа агентлагынхан ч мэдэж байгаа байх. Гэвч монголчуудын эрх ашгийг эхэнд биш нэлээд хойгуур тавиад байна уу даа?

-Өөрсдөөс нь асуу. Энэ УИХ-ын бодлогыг  хэрэгжүүлэхгүй гэж гэдийж байгаа нөхдүүдээс  хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ гэж асуугаач.

-Шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйн тулд онцгой албан  татвараас чөлөөллөө. Гэвч импорт-логч компаниуд бензиний  үнийг өсгөв. Үнэ өсөхөөс сэргийлж байгаа арга нь буруу байна уу эсвэл …?

-Газрын тосны газраас эхлээд төрийн байгууллагууд ажлаа хийх ёстой. ОХУ-аас хэдээр орж ирж байна, компаниудын гаргасан зардал хэд байна гээд тооцож  үзэх шаардлагатай. ШТС-аар зарж байгаа шатахууны үнийг өсгөхгүй,   тогтвортой байлгахын тулд   татваргүй  болгож байгаа хэрэг. Энэ арга нь үйлчлэхгүй, үр ашгийг нь иргэд хүртэхгүй байгаа бол яагаад гэдгийн учрыг олох л  ёстой.

-Импортлогч компаниуд татвар төлөхгүй байж, үнийг өсгөн хэдэн тэрбумаар нь халааслаад байна уу гэсэн хардлага гарч л байна л даа?

-Тийм байхыг үгүйсгэх аргагүй. Шагчид дизелийн түлш хомсдоход далимдуулаад үнэ өгсөж зараад байна гээ биз дээ.

-Саяхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Газрын тосны газрын удирдлаг-дууд болон холбогдох хүмүүсийг дуудаж мэдээлэл сонссон. Цаашид ямар арга хэмжээ авахаар болсон бэ?

-Би тэр хурал дээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  хоёртой хариуцлага тооцож ажлаас халах санал гаргасан. Гишүүд тэр ч арай хэтэрнэ ээ гээд дэмжихгүй л байна лээ. Энэ ажил хийдэггүй нөхдүүди йг солихгүй бол нефтийн гачаалаас гарч чадахгүй ээ. Тэнд суугаад цэцэрхээд байдаггүй, ажил хийдэг хүн л хэрэгтэй байна. Хувийн компаниудад зөвшөөрөл өгөх үү, үгүй юу гэж гурван жил бодож суудаг сайд хэрэггүй. Ажил хийдэггүй  хүмүүстэй тэр дор нь хариуцлага тооцоод өөр хүнийг  томилдог л болгохгүй бол ямар ч гамшиг, хомсдол Монголд нүүрлэж мэднэ  ээ.

Д.ДОРЖПАГМА