Өдрйин сонин 2011.3.16

-Мэргэжлийн холбоонд эрхийг шилжүүлэх  хуулийн төсөл өргөн  барина-

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-УИХ оны өмнөхөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч энэ хууль амьдрал дээр хэрэгжих боломжгүй гээд маргаан, шүүмжлэл их дагуулж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ шүүмжлэлийг хэсэгчлэн хүлээж авахаас аргагүй юм билээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2011  оны төсвийн тухай хуультай хамт Засгийн газраас өргөн барьж  2010 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө баталсан. Тэр үед нь чимээгүй байсан атлаа одоо яагаад  шуугиад эхлэв гэхээр бизнес эрхлэгчид  гэрчилгээгээ  сунгуулах гэж очоод хураамж ихээр нэмэгдснийг мэдэж  эсэргүүцлээ илэрхийлж  байна. Энэ хуульд орсон  нэмэлт өөрчлөлт бүхэн болж бүтэхгүй, хэрэгжихгүй байгаа юм биш.  Харин  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.2.1 -дэх   спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход   10 сая ,  согтууруулах ундаагаар шөнийн 00 цаг хүртэл үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад 20 сая төгрөг төлнө гэж хураамжийг нэмэгдүүлсэн нь шүүмжлэлийн бай болж байна.  Тусгай зөвшөөрлийг хоёр жилээр олгодог.   Тэгэхээр хоёр жил болоод 10 сая төгрөгөөр зөвшөөрлөө сунгуулна.  Улаанбаатар хотын төвд ажилладаг, өндөр орлоготой архи борлуулдаг  хүнсний  дэлгүүрүүд энэ хураамжийг төлчих бололцоотой. Харин сумын төвийн болон хотын захын  хорооллын жилдээ 5, 6 сая төгрөгийн ашигтай ажилладаг дэлгүүр энэ хураамжийг төлөх ямар ч бололцоогүй, үүдээ барихад хүрч байгаа юм билээ.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 20 жил өөрчлөгдөөгүй. Зарим хураамж нь тав, аравхан төгрөг ч байсан. Үүнийг шинэчлэх нь зүйтэй. Хуулийн хэлэлцүүлгийн явцад хураамжийн хэмжээг өсгөх, багасгахдаа судалгаа тааруухан хийж, ялгавартай тогтоолгүй алдаа гаргасан байна. УИХ энэ алдаагаа засах ёстой.
-Ардчилсан хүчний холбооноос Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг явуулсан. Энэ үеэр ямар хүндрэл бэрхшээл байгаагаа бизнес эрхлэгчид тодорхой тайлбарлаж байсан?
-Тиймээ. Энэ сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Ер нь энэ хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй болсон юм байна лээ.
-Ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
-Засгийн газраас дарамт шахалтыг багасгах, стандартыг шинэчлэх гээд олон ажлыг хийхгүй бол  бизнес эрхлэгчдэд бэрхшээл их тулгардаг гэж Найман нэрийн барааны дэлгүүрийн холбооныхон тайлбарлаж байна лээ. Би УИХ-ын  гишүүнийхээ хувьд саналаа тэдэнд  хэлсэн.
-Юу гэж?
-Төр засаг дэлгүүр ажиллуулдаг бизнес эрхлэгчдээс хоёр жил тутам 10, 20  сая төгрөгийн хураамж авчихаад хариуд нь ямар үйлчилгээ үзүүлдэг гэхээр хэрэглэгчийг дэлгүүрээс  хортой хүнсний бүтээгдэхүүн аваад хордчихгүй, ресторанд ороод баталгаагүй зүйл идчихгүй  байхаас байнга сэргийлж үзлэг шалгалт хийдэг. Тэгэхээр төр  энэ мөнгийг хурааж авдаг  эрхээ, улсын стандартыг мөрдүүлэх үүрэгтэйгээ цугт нь Найман нэрийн барааны дэлгүүрүүдийн холбоонд өгчих хэрэгтэй. Тэр холбоо нь хотын төвийн орлого сайтай дэлгүүрээс 10, 20 сая төгрөгөө авч, хотын захын хороолол, сумын төвийн орлого багатай дэлгүүрээс хэдэн төгрөг  авахаа  ялгавартайгаар  тогтоогоод тусгай зөвшөөрлөө олгож байг. Түүнийхээ хариуд улсын стандартыг мөрдүүлэх,хяналт тавих үүргээ ч биелүүлэг. Манай улсад найман нэрийн барааны 8000 дэлгүүр байдаг гэсэн. Энэ бүх дэлгүүрийг хянаж шалгаад хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллуулахад учир дутагдалтай.  Шалгах гэж очсон байцаагч  нь тэдэн төгрөг өгчихвөл торгууль тавихгүй өнгөрөөе эсвэл бага торгууль бичье гээд  дайлж цайлж, гарыг нь хүндрүүлэхээс аргагүй байдалд оруулдаг гэж дэлгүүрийн эзэд ярьж байна лээ. Ийм асуудал гаргахгүйн тулд  бодлогодоо өөрчлөлт хийж, төрийн  байгууллагын ажлыг ТББ-аар хийлгэх хэрэгтэй байна. Манай улс төрийн зарим ажлыг ТББ-д шилжүүлнэ гэж тунхаглаад 20 жил болж байгаа ч  ерөөсөө хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Тиймээс согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг олгох, дэлгүүрүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүргийг Найман нэрийн барааны дэлгүүрүүдийн холбоо гэсэн ТББ-д шилжүүлье. Нэг дэлгүүрээс хэдэн төгрөгийн хураамж авах вэ, буцаагаад ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ тодорхойлоод ажиллаг. Төрөөс бол хэрэглэгчийг хохироохгүйн тулд  стандартыг мөрдүүл, биелүүлэхгүй бол хаа гэсэн бодлого  л барих хэрэгтэй.
-Тэгэхээр энэ харилцааг зохицуулсан хууль хэрэгтэй болох байх даа?
-Хаврын чуулган эхлэхээр мэргэжлийн  холбоонд эрхийг  өгөх хуулийн төсөл боловсруулж өргөн барина гэж бодож байгаа. Улсын стандартыг мөрдүүлэх  мэргэжлийн холбоонд нь эрхийг нь олгосон хуулийг УИХ баталж гаргах хэрэгтэй. Одоогийн сум, дүүрэг, аймгийн үйлдвэр үйлчилгээний хэлтэсийн ажлыг мэргэжлийн  холбоо нь хийнэ гэсэн үг.  Үүнийхээ зардлыг дэлгүүрүүдээс зөвшөөрөл олгох хураамжаас  бүрдүүлнэ. Гэхдээ мэргэжлийн холбоо ийм ажлыг хариуцаад явахын тулд чадваржиж дэлгүүрийн эзэд бүгдээрээ цуглаж, бүтцээ байгуулах шаардлагатай.   Ер нь  тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгаж, нэмлээ гээд байдал өөрчлөгдөхгүй. Нөгөө байцаагч, цагдаа  нь очиж дарамталж хахууль авдаг нь байсаар л байна. Авлига ч тасрахгүй. Мэргэжлийн холбоо үүнийг зохицуулдаг болчихвол өөрчлөлт гарна. Хэрэв холбоо нь муу ажиллаад байвал ямар арга хэмжээ авах эрх нь дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд бий. Зургаан нэрийн барааны дэлгүүрт том компаниуд найдваргүй гээд бараагаа зээлээр өгдөггүй юм билээ. Тиймээс архи зарах зөвшөөрөл авч, найман нэрийн барааны дэлгүүр болгох гэж зүтгэдэг гэсэн. Тэгэхээр зургаа, найман нэрийн барааны дэлгүүрүүд нэгдээд холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлж, холбоо нь  үндэсний үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд зээлээр бараагаа авдаг байж болох юм. Хэрэв тухайн дэлгүүр нь гэрээгээ биелүүлэхгүй бол мэргэжлийн холбоо нь  үйл ажиллагааг нь  зогсоох, зөвшөөрлийг  нь олгохгүй байх  зэрэг соёлтой аргаар л зохицуулах шаардлагатай байна.
-Зарим УИХ-ын гишүүд  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж  согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийн хураамжийг хуучин хэвээр нь болгохоор ажлын хэсэг байгуулж байгаа юм билээ?
– Асуудлыг хурдан шийдэх арга байх л даа.  Тэгэхээр Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай   нэмэлт өөрчлөлт оруулчихаад   дараагаар нь мэргэжлийн холбоодод эрхийг нь шилжүүлэх хууль гаргаад дээрх заалтыг хүчингүй болгож болно. Ер нь төр засаг  архиар үйлчилдэг, борлуулдаг цэгүүдийн тоог багасгах бодлого барьж байгаа. Мэргэжлийн холбоонд асуудлыг шилжүүлэх  замаар  шийдэх нь  зөв гарц гэж бодож байна.  Мэргэжлийн холбоонд  эрхийг нь өгчихөөр 8000 дэлгүүр бие биенээ хянана. Тэгэхээр олон мянган мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа явуулж  хянуулах шаардлагагүйгээр танайх яагаад  цагтаа хаахгүй, 12 цагаас хойш архи зараад байна гэж хөндлөнгийн хяналт бий болно. Одоо болохоор бүгдийг нь дээрээс хянах гэж оролддог.  Даахгүй нохой булуу хураана гэгчээр төр өөртөө хамгийг төвлөрүүлсэн ч  бүтэж байгаа зүйл ч  байхгүй, бүр болохгүй болохоор нь журамлах гээд 10, 20 сая төгрөгийн хураамж тогтоосон. Ийм боловсронгуй механизмыг  би бодож  олоод яриад байгаа ч юм биш, дэлхийн олон орон   нэвтрүүлээд амжилтад хүрч байна.

Д.Доржпагма