Нийгмийн толь. 2011 оны 3 дугаар сарын 11

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль хэрэгжээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч хэл ам таталсаар байна. Улсын тэмдэгтийн хураамж нь бизнес эрхлэгч болон иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлсний төлбөр юм. Гэтэл үйлчилгээ үзүүлэх бус дарамт болж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Өчигдөр Ардчилсан хүчний холбооны уулзалтын танхимд энэ сэдэв хөндөгдөв. Хэлэлцүүлэгт АХХ-ны ерөнхийлөгч З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан,  Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчид оролцсон юм.
Тэд тус хуулийг амьдралд нийцэхгүй, жижиг бизнес эрхлэгчдийг нухчин дарж, монополь үйлдвэрүүдийг дэмжсэн хууль болсон гэж үзэж байна. Тэр дундаа монгол хүний үнэлэмжийг бууруулсан хэмээн бухимдаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн Иргэнийхээ үнэмлэхийг гээгдүүлээд дахин авахад 25 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх бол манай улсад түр оршин сууж байгаа гадны иргэн  5000 төгрөг төлөх юм байна.
Тэд зөвхөн төрийн сангийн хөрөнгө бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуультай хамт хэлэлцэн баталсан хууль болохыг хэлж байна. Тиймээс дахин эргэн харж, шинээр хуулийн төсөл санаачлах талаар УИХ-ын гишүүдтэй ярилцаж байгаа гэнэ. Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоонд данстай 8000 аж ахуйн нэгжийн 6000 нь дээрх хуулиас болж татан буугдан дээрээ тулжээ. Тус байгууллагаас тус хуулийг  Үндсэн хуулийн Цэцээр шийдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэвч цаг алдах тул Үндсэн хуулийн Цэцэд хандаагүй аж. Олон гишүүнтэй уулзаж дахин хуулийн төсөл санаачлах талаас нь ярилцаж байгаа юм байна. Тэд тэмдэгтийн хураамжийг бүсчлэн тогтоох саналтай байгаа аж. Мөн тэдний тооцоогоор хууль цаашид хэрэгжсээр байвал инфляци 20-25 хувиар нэмэгдэх магадлалтай гэнэ.
Жижиг бизнес эрхлэгчдийг тэвдүүлж байгаа зүйл нь Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл авах тэмдэгтийн хураамжаа дахин авахыг аж ахуйн нэгжүүдэд сануулсан үйлдэл аж. Уг нь хууль батлагдахын өмнө тусгай зөвшөөрөл нь дуусаагүй аж ахуйн нэгжүүд шинээр авахгүй гэсэн ойлголттой байсныг энэ үеэр З.Энхболд гишүүн хэлж байв. Чуулганы хуралдааны үеэр энэ талаар түүнийг тодруулахад “үгүй” гэж хэлж байжээ.
Хураамжийн хэмжээ эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 1.2 сая төгрөг төлнө, харин гялгар уутны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 75 сая төгрөг. Тэд ийм харьцангуй байж болохгүйг хэлж байв. Химийн аюултай болон хортой бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах, ашиглах, тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж өмнө нь 12 мянга 500 төгрөг байсан бол шинэ хуулиар 75 сая төгрөг болжээ. Жилд 10 сая төгрөгийн химийн бодис ашиглаад 30 сая төгрөгийн ашиг олдог компани байлаа гэхэд 75 сая төгрөг төлж тусгай зөвшөөрлөө авах юм байна. Аль нь 75 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж ашиглах химийн бодисын жагсаалтыг гаргаагүйгээс болж зарим компаниуд алдагдал хүлээх болж. Мөн ой, агнуур, ашигт малтмалын салбарт бага хэмжээний мөнгөөр зөвшөөрөл аван Монгол Улсын эдийн засагт хохирол учруулах боломж нээгдсэн байгааг тэд онцолсон. Хуулийн цоорхойг ашиглахгүй гэх баталгаа алга байгаа аж. Жишээ болгон хэлэхэд соёлын үнэт өв болох уран зураг, түүхийн холбогдолтой уран барималуудыг хилээр гаргах тусгай хураамж нь 400 мянган төгрөг байна. Дээрх хуулийн сөрөг үр дагавартай холбоотой  санал, гомдол  МҮХАҮТ-д тасрахгүй ирж байгаа аж. Энэ нь яах аргагүй жижиг дунд үйлдвэрлэгчдийг шахаж буй үйлдэл гэнэ.
Улсын тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгжид татварын ямар нэгэн дарамт үүсгэхгүй, иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй, өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримталсан гэж байгаа. Гэтэл үүнийхээ эсрэг хэрэгжиж байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Тэд хуулийг тэр чигээр нь эсэргүүцэж байгаагаа онцлов. Учир нь сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр зөвхөн архидан согтуурахтай тэмцэж гаргасан хуулийг архичдыг өөгшүүлэн дэмжих гэж байна гэсэн буруу сурталчлах үзэгдэл гарах болжээ.  Хуулийн төсөлд БОАЖЯ, ХХААХҮЯ-наас санал аваагүй гэнэ. Үүнээс болж жуулчны баазад байрлах жижиг дэлгүүр согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл авахын тулд 10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх болоод байна. “Хулгай”-гаар батлагдсан хуудуутай хуулиас болж энэ онд ажлын байр нэмэгдэх нь бүү хэл, харин ч буурч, нийгэм бухимдлын мананд автах төлөвтэй дэг ээ.
Б.МЯГМАНСАНЖ