Ардчилал 2010 оны 11 дүгээр сарын 30

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны өмнө та нэлээн хөдөлгөөнтэй байсан бол дараа нь дуугаа хураачих шиг боллоо. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг дүгнээд хэлбэл?
-ҮЗХ-гоор намын ажил болохгүй байна, намаа шинэчилье гэж олон гишүүн ярьж байсан. ҮЗХ ч үүнтэй санал нийлээд дүрмээ өөрчилье, 2020 он хүртэлх АН-ын ажиллах зорилтуудыг тодорхойлъё гээд хоёр ажлын хэсэг байгуулсан. Үр дүнг нь Цагаан сарын  өмнөхөн болох ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэж, батална гэж тохирлоо. Их хурал хуралдах шаардлага бол биелээгүй.  АН-д шинэчлэл хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм л хурал болж өнгөрлөө.
-Таны хүсч байсан үр дүн ҮЗХ-гоор гараагүй гэсэн үг үү?
-Яах вэ, шинэчлэл хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ямар түвшний хурлаараа шийдэх вэ гэдэг нь тодорхойгүй.
-ҮЗХ-ны хурал дээр таныг нэлээн жинтэй үг хэлэх байх гэсэн төсөөлж байсан. Гэвч эсэргээрээ байх шиг болсон?
-Би хэлдгээрээ л хэлсэн. ҮЗХ-ны хурлаар намын даргыг солино гэвэл бүтэхгүй. Дүрмэнд тэгж заагаагүй учраас. Гол нь ажил явах нь чухал.
-Тэр хурал дээр Засгийн газарт хандаж шүүмжлэл багагүй хэлж байсан. ҮЗХ-ны гишүүд бол нэлээн хангалтгүй гэсэн дүн тавьсан. Та хувьдаа ямар дүн тавих бол?
-Хоёр намын гэрээний 65 заалтаас биелсэн зүйл алга л байсан шүү дээ.
-ҮЗХ-ны хуралд хов ярьсаар байгаад дууслаа шүү дээ. С.Эрдэнэ гишүүн Н.Алтанхуяг дарга нарын хоорондын ярианд Н.Энхбаярын нэр хавчуулагдсан. Үүнийг нь эргээд танай Ардчилсан хүчний холбоотой ч холбож ойлгож байгаа?
-Нэгдүгээрт, хэн хэнтэйгээ уулзах нь гуравдахь хүнд падгүй асуудал. Хоёрдугаарт, хэдхэн жилийн өмнө Энхбаяр шиг сайн хүн байсангүй шүү дээ. Бүгдээрээ л очиж уулздаг байсан. Одоо яагаад уулзаж болохоо байчихаад байгаа юм тэр хүнтэй чинь. Гуравдугаарт, Энхбаяртай АХХ-г холбох ямар ч үндэслэл байхгүй. Хэн нэг хүнийг бусадтай уулздагийг тогтоодог, мөрддөг зүйл байгаа бол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэ гишүүн бол халдашгүй байх эрхтэй хүн. Энхбаяр бол төрийн хамгаалалтад байдаг хүн. Тэр хоёр хүний уулзалтыг баримтжуулж, бичлэг хийдэг хүн байдаг бол хариуцлагаа хүлээх ёстой. Энд хэд хэдэн зүйл гарч ирж байгаа шүү дээ. Ер нь, яагаад хоёр монгол хүн уулзаж болдоггүй юм. Уулзсан байлаа гээд яах юм. Тэр ер нь хэнд сонин юм бэ.
-Өнөөдөр /өчигдөр/ АН-ын бүлгийн хурлын дараа АХХ-ныхон хуралдах шиг боллоо ямар асуудал ярилцав?
-Бид ер нь байнга л хуралдаж байдаг. Бид монголчууддаа зориулаад “Монголоо шинэчлэе” гэдэг нэвтрүүлэг ТМ телевизээр лхагва гариг бүрийн 21:20 минутаас бүтэн цагийн турш гаргаж байгаа. Энэ долоо хоногт гуравдахь дугаар нь гарна. Монголоо шинэчлэе гэдгийг нэг өдөр яриад маргааш нь мартчихдаг зүйл биш. Байнга шинэчилж байх ёстой. Монголоо шинэчлэх хүсэлтэй хүмүүст нээлттэй нэвтрүүлэг.
-Танаас төсвийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Энэ жилийн төсөвт гишүүдийн гэсэн тодотголтой мөнгө хэд болж орж ирсэн юм бол?
-Энэ жилээс гишүүдийн тэрбум байхгүй болж байгаа. Гишүүдээс санал аваагүй.
-Сангийн яамнаас санал аваагүй гэж үү?
-Биш ээ, УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр гишүүд тойргийн санал гаргадгийг энэ жилээс эхлээд болиулж байгаа.
-Төсвийн алдагдал бол бүр өмнөхөөсөө ч нэмэгдчихлээ. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн алдагдал Ардын намын сонгуулийн амлалтаас болж үүсч байгаа шүү дээ. Хэрэв тэр мөнгийг өгөхгүй гэж тооцвол алдагдалгүй төсөв болно.
-Жилээс жилд төсвийн алдагдал өсөөд л байна?
-Жил бүр төсвийн алдагдал таваас доош хувь байсан бол энэ жил анх удаа 9.9 хувь бараг 10 хувийн алдагдалтай баталлаа шүү дээ. Энэ эргээд инфляцад нөлөөлж, 20, 30 хувь болно.
-Төв банкныхан инфляц хөөрөгдсөнд бид хариуцлага хүлээхгүй гэдгээ зарлачихсан.  Тэгэхээр ийм байдалд хүргэсэн учир УИХ хариуцлага хүлээх ёстой юм шиг?
-Төв банкныхнаас буцаагаад хариуцлага нэхэхэд хэцүү болж байгаа шүү дээ.
-Тавантолгойгоос зээлж мөнгө тараах нь гээд байсан мөртлөө  баталчихлаа шүү дээ?
-“Хүний хөгжлийн сан”-д хэдэн төгрөг байна,  түүнийгээ тарааж болох хуультай. 300 гаруй тэрбумыг нь тараая гэсэн юм уг нь. Гэтэл бүлэг дээр дэмжлэг аваагүй. Тавантолгойгоо урьдчилж зараад 400 орчим тэрбум төгрөг тараая гэдэг санал бүлэг дээр дэмжигдээд л явсан.
-АН-ын бүлгийн гишүүд уг нь үүний эсрэг байсан санагдана?
-Харин яг товчлуураа дарах болохоор болдоггүй л юм билээ.  Манай бүлгийн шийдвэр үүнийг өгөхгүй гэж гарсан бол 20,30 хувийн инфляц болохгүй байлаа. Тэгсэнгүй л дээ.
-Яагаад гишүүд эргэж буцаад байр сууриа өөрчилсөн юм бол?
-Ер нь, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байх ёстой. Орлого олохын хэрээр үрдэг буруу зуршил олон жил үргэлжилж байна шүү дээ.
-Төсвийн маш богино хугацаанд хэлэлцүүлээд л баталчихлаа. Үнэхээр ярилцаж, хэлэлцэх зүйл багатай сайн төсөв байсан юм уу?
-Гол ярилцах зүйл бэлэн мөнгө өгөх, өгөхгүй дээр гарсан. Нийт төсвийнхөө бараг дөрөвний нэгийг бэлнээр өгөхөөр шийдэж байгаа төсөв шүү дээ. Ардын намын амласан бэлэн мөнгөнд автагдаад л тэр. Тэд 45-уулаа байгаа юм чинь хүссэн шийдвэрээ гаргана л даа.
-Энэ мөнгөө босгож авахын тулд хүндхэн байдалд орох нь дээ?
-Тавантолгойгоо зарна гэсэн үг. Хамгийн эхний хүндрэлтэй зүйл гэхэд төсөвтөө хүн бүрт 252 мянган төгрөг өгнө гэж биччихээд Тавантолгойгоо зарах гээд очихоор авах хүн гэдийдэг юм байгаа биз дээ. “Ийм нөхцөлөөр зээл ав, үгүй бол боль” гэж. Тэгвэл авахгүй гэвэл 252 мянган төгрөгөө өгч чадахаа байчихна. Үүн дээр миний гаргасан нэг санал дэмжигдээгүй л дээ.
-Ямар санал байсан гэж?
-”Хүний хөгжлийн сан”-д одоо байгаа мөнгөө тараагаад Тавантолгойн гэрээний нөхцөл таалагдвал гэрээгээ хийе, таалагдахгүй бол болчихъё гэсэн. Гэхдээ бүтээгүй л дээ. Тэгсэн тохиолдолд зээл өгөх гэж байгаа хүнийхээ халаасанд орохгүй гэсэн үг. Одоо тэгээд Тавантолгойг барьцаалж зээл авах гэж байгаа хүн бол хэлэлцээр дээр илүү өөртөө ашигтайгаар шийдүүлэх барьцтай болж байгаа хэрэг. Барьц өгчихлөө л гэсэн үг. Цаг дуусахаар шодоод барьц сонгуулдаг шүү дээ. Нөгөө бөхийнхөө барьцанд орчихсон гэсэн үг.
-Ардын нам 1.5 сая төгрөгөө шийдүүлчихлээ. Гэтэл Ардчилсан намын нэг сая хаана явна?
-АН-ын нэг сая төгрөг бол бэлэн өгөх мөнгө биш. Монголын бүх баялгийн өөрт оногдохыг илэрхийлсэн хувьцаа тараана. Хувьцааны ногдол ашиг 2012 оноос өмнө дор хаяж нэг сая төгрөг байна гэсэн хоёр өөр ойлголт юм. Засгийн газар Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдаад жил өнгөрч байхад ямар нэг ажил хийгээгүй, зүгээр сууж байгаа. Ирэх оны нэгдүгээр улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газар Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж монголчуудад хувьцааны бичиг тараах ёстой. Үүнийг тараасны дараа “Хүний хөгжил сан”-гаас өгдөг мөнгө ногдол ашиг гэдэг нэртэй болно. Хувьцаа тараасны дараа бол “Хүний хөгжил сан” төсөвт хамаагүй болох ёстой.
-Засгийн газар иргэддээ Тавантолгойн хувьцааг 10 хувийг нь эзэм-шүүлнэ гэсэн. Үүнээс өөр гэсэн үг үү?
-Тэрэнтэй холбоогүй. Тэр 10 хувь Эрдэнэс Тавантолгойн байгуулсан нэг жижиг охин компани байгаа. Бид Эрдэнэс Тавантолгой шиг Монголын бүх баялгийн төрд оногдох хэсгийг өмчилдөг компанийн хувьцаа нь ард түмэнд байдаг тийм хууль баталсан.
-Ингэх боломж байгаа болов уу?
-Харин одоо Засгийн газарт зохион байгуулах үүрэг нь тогтоолоор оччихсон. Төсвийн тухай хуультай зэрэг гарсан бас нэг тогтоолын хэсэг нь.

•    Л.НОМИН