УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Парламентын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулганы үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үг сүүлийн үед анхаарал татаж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд маш шүүмжлэлтэй хандсан. Та ямар байр суурьтай байгаа вэ, энэ тал дээр?

-Би хүндэтгэлийн чуулган болдог өдөр ОХУ-ын Экатринбург хотод төгссөн сургуулийнхаа 90 жилийн ойд оролцохоор чөлөө аваад явчихсан байсан л даа. Тэгээд ирээд хүн болгон тэр үгийн тухай яриад байхаар нь хэрэг болгож, уншиж үзлээ. Хэрэгтэй л юм хэлсэн байна лээ. УИХ, Засгийн газрын ажил маш сайхан байсан бол тийм зүйл ярихгүй шүү дээ. Тийм биш байгаа учраас тэгж яриад байгаа. Зарим гишүүдэд таалагдахгүй байх шиг байна. Надад бол таалагдсан. Ажилдаа тусгаж аваад, ажил хэрэг болгочихоор зөндөө санаа байсан. Төр засаг гэдэг юмыг сонгуулиар дамжиж байгуулдагийн гол учир бол ард түмэндээ үйлчил гэж байгаа. Гэтэл тэр гол зорилгоосоо хазайчихаад үндсэн ажлаа хийхгүй байна. Тэгээд үндсэн ажлаа хийгээч ээ, сонгуулийн чинь тал нь яваад өглөө гэсэн байна. Дараагийн сонгуулиа МАХН бодоод эхэллээ, Ардчилсан нам бодож амжаагүй л байна. Сонгууль бодохоосоо өмнө улс орныхоо амьдрал, ажилгүйдэл, гэр хороолол, утаа гээд шийдэх маш олон асуудал байна. Энэ бүхнийг шийдэх маш олон урьд байгаагүй боломж байгаа, тэр бүхнийг ашиглаад асуудлаа хурдан шийдээч гэсэн шаардлага байна лээ. Талархаж хүлээж авч байгаа. Ажлаа сайжруулах ёстой. Ялангуяа хуулийн байгууллагатай холбоотой Ерөнхийлөгчийн олон санал УИХ дээр хэлэлцүүлэгдэхгүй, завсарлага авсан байдалтай байж байгаа шүү дээ.

-Хариуцлага алдсан байж болзошгүй албан тушаалтныг хаацайллаа гэж хэлсэн. УИХ хариуцлага алдсан албан тушаалтныг хаацайлсан зүйл байгаа юм уу?

-Байлгүй яах вэ. Авлигатай тэмцэх хуулийн 22.4 гэж байгаа. Тэнд Ерөнхий прокурор түдгэлзүүлэх тухай асуудлыг оруулж ирэх юм бол, УИХ 14 хоногийн дотор шийдэх ёстой. Наадмын өмнө орж ирсэн. Тэгээд дөрөв дэх сардаа явж байна. Ийм арчаагүй байж болохгүй л дээ, УИХ өөрөө. Биднийг шийдвэр гарга гэж сонгосон болохоос зүгээр яриад бай гэж сонгоогүй. Зүгээр ярьдаг байгууллага бол олон шдээ. Төрийн бус байгууллага энэ тэр гээд, зүгээр л ярьж байдаг. Төрийн бус байгууллагаас ялгаатай нь УИХ шийдвэр гаргаж байх ёстой. УИХ-ын гаргадаг шийдвэрийг хуулиудаар зохицуулж өгсөн байгаа. Хэрвээ Ерөнхий прокурор дарга, дэд даргын асуудлаар гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэл байгаад, түдгэлзүүлэх санал оруулж ирвэл 14 хоногийн дотор шийднэ гээд. Тэрнээс биш бичиг оруулж ирснээс хойш УИХ дуртай хугацаагаараа хэлэлц гэдэг хууль байхгүй. УИХ өөрөө хуульд захирагдаж ажиллах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулинд хуулийг дээдлэх, хуульд захирагдаж амьдрах тухай төрийн бүх байгууллагуудын үүрэг байгаа шд. Тэгэхээр Үндсэн хуулиасаа эхлээд л зөрчөөд эхэлж байгаа.

-Хамтарсан Засаг хоёр жил ажиллалаа. Тэгээд Оюутолгой, Тавантолгойг баталсан гээд өөрдийгөө бол нэлээд магтаж байгаа. Та харин хамтарсан засгийн ажилд ямар дүн тавьж байна вэ?

-Оюутолгой, Тавантолгойг УИХ шийдээд явах нь хамгийн амархан хэсэг нь байгаа юм. Тэнд хүн ажилд ороод, нэг биш, 5000, 10 мянган хүн ажилд ороод, цалин аваад, тэндээс нь бүтээгдэхүүн гараад, экспорт нэмэгдэж, Монгол Улсын баялаг эргэлтэд орох нь хамгийн хүнд ажил. Тэгээд хамгийн хялбархан ажлаа Засгийн газар хийчихээд гол ажил болгож харуулаад байна. Яах гэж УИХ Оюутолгой, Тавантолгойн шийдвэрийг гаргаж өгсөн юм. Монгол хүнийг бушуухан ажилтай болгоодох л гэж гаргаж өгсөн. Гэтэл 90 хувь нь монгол хүн байх, 10 хувь гадаад хүн байдаг, хэрвээ 10 хувиас илүү хүн ажилд авах юм бол 108 мянган төгрөгийг 10-аар үржүүлж сар болгон төлдөг хуулийг хүчингүй болгох тухай хууль оруулж ирж байна шүү дэ, энэ Засгийн газар. Монголчуудыг ажилтай болгох бодлого барих ёстой Засгийн газар эсрэгээрээ ажилгүй болгох, Оюутолгой, Тавантолгойд гадаадын хүн хязгааргүй ажилладаг болохоор “юм” оруулж ирсэн учраас шүүмжлээд байгаа. Ерөнхийлөгчийн үгэнд ч бас дурьдагдсан байна лээ. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгой сайхан шийдэгдсэн, одоо ингээд Засгийн газрын хийсэн гол ажил гэж байгаа бол тийм биш. Гол ажил бидний өмнө байж байна. Монгол Улсын Засгийн газар монгол хүнийг ажилтай байлгах ёстой болохоос биш тэр гадаад хүн ажилтай байна уу, ажилгүй байна уу, бидэнд хамаагүй байхгүй юу. Тэрнийг тэр улсын өөрийнх нь Засгийн газар хариуцна шд. Ашигт малтмалын хуулинд байгаа 90 хувь 10 хувийг хүчингүй болгохоор хууль оруулж ирж байгаа Засгийн газрыг би Монгол хүний төлөө биш байна гэж хэлнэ. Хамгийн ойлгомжтой шалгуур байна шүү дээ. Тэгээд ойлгоод, хуулиа буцааж авсан.

-Ер нь сүүлийн үед АН хамтарсан Засгаас гарах уу, үгүй юу гэдэг асуудал нэлээд хурцаар тавигдаж байх шиг. Ер нь АН энэ засгаас гарах цаг болсон юм уу?

-Хэд хэдэн буруу ойлголт яваад байгаа. Ардчилсан нам Засгийн газрын гадна байх юм бол ажил явахгүй гэж. Ардчилсан намыг сөрөг хүчин байхад Монгол Улсын хөгжлийн маш олон асуудал шийдэгдсэн байдаг. Татварын дөрвөн хуулийн өөрчлөлт гэх мэтээр. Оюутолгой, Тавантолгойн шийдвэр удааширч байсны гол шалтгаан бол тэр шийдвэрүүд Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй байсан болохоор хойшилсон. Тэрнээс биш Ардчилсан нам сөрөг хүчин байснаараа хойшлуулаад байгаагүй л дээ. Мэдээж, хамтарч ажиллаад бүтээнэ гэж ярьдаг хүмүүст тийм шалтгаан байгаа байх. Гэхдээ Монголын ард түмэн 2008 оны сонгуулиар Ардчилсан намд сөрөг хүчин байх л эрх өгсөн. МАХН бол 45 суудалтай, Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрыг дангаараа байгуулаад явах үүрэгтэй. Тэрнээс биш дангаараа байгуулахгүй байх, хамтрах эрх байхгүй. Тэгэхээр бид “Стандарт бус” гээд хөөрхөн нэрлэчихсэн, С.Баярын бодож олсон Үндсэн хууль зөрчсөн Засгийн газартайгаа хоёр жил явлаа. Хүлээлт бол их байсан. Юу гэхээр бодитой ажлын байр, бодитой цалин, бодитой утаанаас салчихсан орон сууц. Энэ бүхэн болохгүй байна л даа. Тэгээд хамтарсан ч бай, хамтраагүй ч бай асуудал шийдэгдэхгүй удаж байна шүү дээ. Ардчилсан намд цөөнх болчихсон хувь заяатайгаа эвлэрэхгүй, олонхи шиг царайлж, сайд болох гэсэн сонирхолтой хүмүүс байж магадгүй. Гэхдээ тэр хүмүүсийн хүслээс хамаарахгүй, зөвхөн хуульд захирагдаж амьдарна гээд бид чинь тангараг өргөсөн улс шүү дээ. Тэгээд Үндсэн хуулиа зөрчөөд л, стандарт бус гэж зөөлрүүлж хэлээд байгаа болохоос биш хууль зөрчсөн Засгийн газартайгаа одоо хүртэл явж байна шд.

-Тэгэхээр Ардчилсан нам хамтарсан Засгаас гарах цаг боллоо гэсэн үг үү?

11 дүгээр сард болох манай намын ҮЗХ-ны хурлаар би саяын ярьсан асуудлуудаа гаргаж тавина. Тэгээд дэмжлэг авах авахгүй нь Ардчилсан намын удирдах байгууллагын л эрх.

-Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал яригдана. Н.Алтанхуяг даргыг огцруулаад, шинэ даргаар Л.Гантөмөр, З.Энхболд хоёрын аль нэгийг нь сонгоно гэх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Хэрвээ энэ ҮЗХ намын даргыг өргөдлөө өгвөл солих дүрэмтэй. Дээр нь энэ намын дарга Н.Алтанхуяг их хурлаар баталгаажих ёстой байсан. Тэр баталгаажилт нь хийгдээгүй байгаа. Ийм л дүрмийн орчинд бид амьдарч байгаа. Тэгээд олонхи нь намын ажил муу байна, намын удирдлагаа солих ёстой, хамтарсан Засгаас гарах ёстой, намын дарга нь МАХН-ын даргад захирагдаад гүйгээд байж болохгүй гэдэг шийдвэр гаргах юм бол би мэдээж нэрээ дэвшүүлнэ. Намын гишүүд дарга болгох юм бол төлөвлөсөн ажлууд байгаа. Болохгүй байлаа гээд ертөнц сөнөчихгүй. Амьдрал үргэлжлээд л явна.

-Намын зарим гишүүд АН-ын одоогийн үйл ажиллагааг унтаа гэж нэрлэсэн. Та хувьдаа намын удирдлага, өнөөгийн үйл ажиллагаанд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноороо МАХН-аас ялгагдахаа больчихоод байгаа. Уг нь өөр үнэт зүйлтэй, өөр үзэл баримтлалтай, аль болохоор олон хүн ажилтай, дундаж ангийн хэмжээнд хүрэх, бага Засгийн газартай байх, байгалийн баялаг шударгаар хуваарилагдах ёстой гэж үздэг. Ийм л өөр нам байгаа юм. Тэгээд энэ бүх миний хэлсэн онцлогууд харагдахаа байсан. Харагдахаа байхаар хамгийн аюултай нь сонгууль явахаа больж байгаа юм. Яах юм. Хоёулаа адилхан улаан өнгөтэй юм чинь алийг нь ч сонгосон ялгаагүй шд. Уг нь дэлгүүрийн лангуун дээр улаан, цэнхэр, ногоон өнгөтэй олон нам байгаа байхгүй юу. Өөр өнгөтэй байж сонгуулийн тухай ярина шүү дээ. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Сонгоно гэдэг бол ялгаатай юмнаас сонгохыг хэлээд байгаа юм. Ялгаагүй, бүгдээрээ улаан өнгөтэй бараа дэлгүүрийн лангуун дээр байхаар яаж сонголт хийх вэ. Боломжгүй зүйл байхгүй юу. Тийм учраас ялсан, ялагдсан хоёр нийлээд хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг ардчиллын үндсийг утсгаж байгаа ийм л аюултай зүйл. Тийм учраас бид эсэргүүцээд байгаа юм.

-Н.Алтанхуяг зарим хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зарим хүн би намын дарга болно гээд яриад байна. Энэ нь намын эв нэгдэлд хор уршигтай” гэсэн байна лээ. Бодвол таныг хэлсэн байх даа?

-Ардчилсан нам ямар даргатай байхаа хэн нэгэн хүний хүслээр шийдэхгүй. Энэ бол ардчиллын зарчмаар шийдэгдэх ёстой. Би намын дарга болно гээд кампанит ажлаа эхлүүлээгүй байна. Эхлүүлчихээр хүмүүс анзаарах байх. Би өнөөдөр Ардчилсан намд болохгүй байгаа зүйлүүдийг л ярьж байгаа. Хэрвээ би дарга байсан бол ийм зүйл байхгүй ээ гэж хэлж байгаа. Ардчислан намын 100 мянган гишүүнд би өөрийнхөө Ардчилсан намыг цаашид авч явах замаа тайлбарлах ёстой. Юугаараа Н.Алтанхуягаас өөр байх юм гэдгээ. Тэр ажил намын хурал дөхөхөөр хийгдэнэ.

-Гэхдээ өнөөгийн байдлыг харахад АН-ын удирдлага Ардчилсан хүчний холбоо хоёр л хоорондоо таарахгүй болчихсон юм шиг. Ардчилсан хүчний холбоо намынхаа одоогийн удирдлагатай заавал ингэж тэрсэлдэх хэрэг байгаа юм уу гэх хүмүүс ч байна?

-Зөвхөн Ардчилсан хүчний холбоо биш. Хөдөө яваад намын гишүүдтэй уулзахад бөөн бухимдал байна лээ. Дээрээ хамтарсан нэртэй, доороо ардчилсан үзэлтэй улсуудыг ялгаварлан гадуурхаад Үндсэн хууль зөрчөөд, ажлаас нь халаад дуусч байгаа юм билээ. Ардчилсан үзэлтэй гэдгээрээ бахархах биш, айдаг болсон. Тэгэхээр намын 100 мянган гишүүн бол таван сайд, таван дэд сайд биш шдээ. Намын гишүүд шийдвэрээ гаргах л ёстой.

-Ардчилсан нам хамтарсан Засагт орохдоо олонхиороо шийдээд л явсан. Тэгээд нэгэнт олонхиороо шийдчихсэн асуудлын хойноос одоо янз бүрийн юм ярих хэрэг байгаа юм уу?

-Тэр шийдвэрийг эргэж харах цаг нь болсон л гэж байгаа. Тэр шийдвэр мөнхийн биш шүү дээ. Нөхцөл байдал их хурдан өөрчлөгдөж байгаа. Бидний хамтрагч болох МАХН 2012 оныхоо сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд үндсэндээ дөрвөн сар болж байна. Кампанит ажлаа эхлүүлчихлээ гэсэн үг. Бид ингээд донгио юм шиг суугаад байж болохгүй л дээ.

-АН хамтарсан Засагт орох тухай асуудал яригдаж байх үед та болон ардчилсан хүчний холбооныхон дуу нэгтэй дэмжиж байсан. Тэгээд одоо болохоор өөр зүйл яриад байгаа гэж зарим гишүүн хэлж байна лээ?

-Миний тэр үед хэлсэн үг хэвлэл, мэдээлэлээр байгаа байх. Дэмжээд гүйгээд байсан юм байхгүй. Айлын кармааны өрөөнд амьдардаг хүн байна шдээ. Ялангуяа оюутнууд маш их амьдардаг шүү дээ. Гурван өрөөтэй айлын нэг өрөөнд нь амьдардаг. Тэгээд тэр айлын эзний дүрэм, журмаар л амьдарна шдээ. Орой шуугихгүй, 12 цагт ирэхгүй, архи дарс уухгүй гэхчилэн гуйсан маягтай. Тийм л болно шдээ, тийм зүйлийг хүсээд байгаа юм уу та нар гэж ярьж байсан. Миний үг одоо ч гэсэн батлагдаж л байна. Эрх мэдэл байхгүй. Хэдэн хүн сайд болсон нэртэй. Эрх мэдэл байхгүй болохоор ажил хийлээ ч харагдахгүй шд. Хэд хэдэн асуудлыг ялгаж салгаж ойлгохгүй бол буруу ойлголтууд руу их яваад байх юм. Ардчилсан нам сөрөг хүчин байхаараа энэ улсын ажлыг явуулдаггүй гэж. Энэ бол худлаа. Олон жишээ татаж болно. Гэхдээ цаг бага байгаа учраас хэрэггүй гэж бодож байна. Ардчилсан намд сонгогчдын өгсөн мандат ямар юм бэ гэдгээс л эхлэхгүй бол ардчилал гэдэг зүйлийг бид уландаа гишгээд байгаа юм. Сонгогчид ардчилсан намыг хувьсгалт намыг хянаж бай л гэж сонгосон байгаа. МАХН-ыг амласан сая 500 мянган төгрөг болон бусад юмаа өг өө гэж сонгосон. Түүнээс биш хувьсгалт намын сая 500 мянгыг өгөхийн төлөө Ардчилсан нам шаналаад, бодоод, С.Баярцогт шиг арга хайгаад, гүйгээд байх ямар ч шаардлага байхгүй шд. Өөр байгууллага, өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй орсон. Тэрийгээ биелүүлэх үүрэг МАХН-д байгаа. Бидэнд харин МАХН тэрийгээ биелүүл гэж шахаж, шаардах л эрх байгаа. Ардчилсан нам нэгэнт олонхи болоогүй учраас хууль зүйн хувьд сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх үүрэг байхгүй. Гэхдээ бид Эрдэнийн хувиа Хүний хөгжлийн сан гэдэг нэртэйгээр баталж авсан. Монголын байгалийн баялаг бол мал сүрэг, орон сууц, газар шигээ Монголын ард түмэнд тэгш хуваарилагдах ёстой гэдэг шударга ёсны зарчим. Насан туршдаа орлогыг нь авч болох саалийн үнээ л гэсэн үг, Эрдэнийн хувь бол. МАХН бол нэг удаа өгөх мөнгөний тухай л ярьсан шд. Энэ нь улсын эдийн засгийг алаад, инфляцийг үүсгээд, ДНБ-ээс илүү мөнгө өгөх тухай л сонгуулийн амлалт байсан шд. Тэгээд энэ хоёр дээр л хоёр намын ялгаа харагдаж байгаа юм. Хамтарчихаар энэ ялгаа чинь алга болчихоод байгаа юм.

-Ардчилсан хүчний холбоо намынхаа дэргэд албан ёсоор фракц байгуулах гэж байгаа юм уу?

-Ардчилсан хүчний холбоо фракц биш гэж би олон удаа хэлж байгаа. Энэ бол төрийн бус байгууллага. Бид ажлаа хийж байгаа. Манай ажил хэнд сонин гэхээр манай гишүүдэд л сонин. Бусад хүнд падгүй. Юу гэж бодож, юу гэж бичих ёстой сонин биш. Ардчилсан хүчний холбоо сонгуульд орохгүй шдээ. Тэгэхээр бидний нэр хүнд унасан унаагүй ямар нэг нөлөө байхгүй. Харин намууд нэр хүндээ бодож байх ёстой.

-Магадгүй удахгүй болох ҮЗХ-ны хурлаар АН хамтарсан Засгаас гарлаа гэж бодъё. Гэтэл дараагийн сонгуулиар АН ялагдал хүлээвэл хэн хариуцлага хүлээх вэ. Танай өрсөлдөгч намын генсек “хэрвээ үзэл баримтлал, нэрээ өөрчиллөө гээд сонгуульд ялагдвал би хариуцна” гэж хэлж байсан?

-Би ардчилсан нам сонгуульд ялах, ялахгүйгээсээ илүү ардчилал гэдэг юм монголд байх хэрэгтэй. Олонхи болсон бол олонхи шигээ, цөөнх болсон бол цөөнх шигээ бай. Ард түмний өгсөн мандатын хэрээр эрх мэдлээ эдэлж сур. Өгөөгүй мандатыг өөртөө наах гээд гүйгээд байж болохгүй шдээ. Буруу яваа юмыг зөв болгож, залруулах тухай ярьж байгаа. Сонгуулийн үр дүнгийн талаар мэдээж, намын дарга хариуцлага хүлээн. Хэрвээ энэ ҮЗХ-гоор намын удирдлага сонгогдоод, би жишээ нь намын дарга боллоо гэхэд ирэх сонгуульд ялуулах тухай л зорилготой орно. Тэгээд ялагдах юм бол ажлаа өгнө, ялвал улс орны удирдлага дөрвөн жилээр Ардчилсан намд ирнэ шүү дээ. Ийм л маш энгийн систем л дээ. Тэрнээс биш одоо ард түмэн нэгийг нь олонхи нөгөө нь цөөнх бол гээд сонгочихсон байхад нийлээд бантан болоод явах бол буруу шд. 2008 онд ч ийм байр суурьтай байсан, одоо ч ийм байр суурьтай байгаа.

-Гэхдээ 2008 оны нийгэм, улс төрийн амьдрал хүнд байсан учраас хамтарсан Засаг байгуулахаас өөр арга байгаагүй гэж тайлбарладаг?

-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээ гэж байгаа. Одоо биелэлтийг нь харж байна. Тэрэн дээр хамгийн эхний функтүүдийн нэг хэсэг бол бүх шатны сонгуулийн хуулийг өөрчилнө гэх амлалт байгаа. Хоёр жил өнгөрлөө, өөрчлөөгүй л байгаа. Сонгуулийг шударга явуулъя гэвэл, сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Тэр үндсэн ажлаа хийхгүй байна шдээ, хамтарсан Засгийн газар. Хэрвээ хийхгүй юм бол хамтарсан Засгийн газар байх ямар хэрэг байгаа юм. Дараагийн долоон сарын нэгнийг давтмааргүй байна. Давтахгүйн тулд бүх шатны сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж, батлах ёстой. Баталдаг хугацаа ойртож байна. Ирэх оны зургаан сараас хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хориотой. Тэгээд маш хурдан л ажиллахгүй бол хугацаа бага байна. Хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлт гэсэн чинь гуравхан зүйл биелэсэн байна лээ. Байнгын хороодын дарга нараа хувааж авах, сайд нараа хувааж авах, малчин хүнийг гар утастай болгон гэсэн гуравхан зүйл. Бусад нь биелээгүй л байгаа байхгүй. Тэгэхээр яаж сайн байна гэж дүгнэх вэ.

-Уг нь хөдөө орон нутгаар ч юм уу, ард иргэдийн санал бодол хамтарсан Засгийн газарт нааштай байна гэж байна лээ. Засгийн газрын гишүүд ялангуяа тэгж ярьж байгаа?

-Олонхиороо Үндсэн хуулийг зөрчөөд яваад байж болохгүй шд. Сибирт хувьсгалын дараа санал хураасан юм гэсэн. Дэлхий хавтгай юу, бөөрөнхий юу гээд. Тэгээд олонхи нь хавтгай гэж гар өргөөд, дэлхийг хавтгай гэж тооцохоор боллоо гэж байсан гэсэн. Тэрэн шиг олонхи нь хамтарсан Засгийг дэмжиж байна гээд Үндсэн хуулийг зөрчөөд яваад байж болохгүй шд. Үндсэн хуулинд чинь олонхи нь Засгийн эрхээ барина гээд маш тодорхой бичээд өгчихсөн байгаа.

-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудал сая шуугиан тарилаа. Энэ асуудлаар байнгын хороо ямар ажил хийж байна вэ. Ахиц гарав уу?

-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бол энэ улсын нууцыг хамгаалж байх үүрэгтэй. Хүн хулгайлсан, оролцсон, тагнуулуудын нэрс задарсан асуудал бүгд өөр өөрсдийн хуультай, тусдаа явах ёстой юм. Миний хариуцдаг байнгын хороо бол тэр хүмүүсийн нэр буюу, улсын нууц яагаад задрав аа гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаа. Хүн хулгайлах нь зөв буруу гэдэг бол гэмт хэргийн асуудал. Тэр бол тусдаа. Ямар ч улсын тагнуулуудын нэрс нууц байдаг. Ямар ажиллагаа хэдийд яаж хийсэн, арга технологи гээд төрийн нууцын тухай хуульд байж байгаа. Тэр нууцыг хамгаалах үүрэг нь энэ байнгын хороонд байгаа. Тэгэхээр Б.Хурцыг Монголд ирсний дараа хэд хэдэн асуудал босно. Яагаад хулгайлж ирсэн, ямар ямар улсын ямар хуулийг яаж зөрчсөн, яагаад нууц байх ёстой тагнуулуудын нэр задрав, хэн тушаал өгсөн, төлөвлөсөн оролцсон бүх хүмүүсийн нэр ил болох ёстой. Ингэж байж, цаашид хууль зөрчихгүй, хүний эрх зөрчихгүй байх баталгаа, дархлаа үүснэ. 2004 оны сонгуулиар бас л хамтарсан нэртэй Засгийн газар байгуулж явж байгаад энэ асуудлыг сөхөлгүй үлдээж байгаа юм. Тэр үед нь асуудлыг сөхөөд, шийдчихсэн бол одоо ямар ч асуудал үүсэхгүй байх байсан.

-Б.Хурцыг эх оронд нь авчрах асуудал юу болж байгаа вэ. Английн талаас ямар нэг нэмэлт тайлбар, хариу хэлсэн үү?

Тэр талаар Засгийн газар ажиллаж байгаа. Засгийн газрын нэг номерийн ажил нь хүнээ нааш нь авчрах байгаа. Тэр хүн төрөөс өгсөн тушаал биелүүлснийхээ төлөө хохирох ёсгүй л дээ. Эхлээд хүнээ авчирчихъя, дараа нь бусад асуудлаа шийдэх ёстой.

-АТГ-ын хоёр даргын асуудлаар нууц санал хураалт явуулсан асуудал хоёр намын бүлгүүдийн хооронд хэрүүлийн алим болж байх шиг. Ер нь аль нь зөв яриад байгаа юм бэ. Хууль зүйн байнгын хороо хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу?

-Үндсэн хуулин дээр санал хураалтыг ил явуулна гээд заачихсан. Тийм байхад Хууль зүйн байнгын хороо нууц санал хураалт явуулж хууль зөрчсөн. Тэрийгээ залруулъя гээд буцаад орохоор үгүй ээ, нууцаар хураана гээд олонхиороо гар өргөөд байна шд. Би тэрийг эсэргүүцээд байгаа юм. Үндсэн хууль зөрчье гээд байна шд. Хэрвээ нууц санал хураалт явуулъя гэж байгаа бол хуульд нь байж байх ёстой шд, энэ асуудлыг нууцаар явуулна гээд. Манай Үндсэн хуулийн зарчим бол бүх санал хураалтыг илээр явуулна гэсэн зарчимтай . Тэрний дагуу бүх томилгоо ил явдаг. Тэр хэл ам татлаад байгаа хоёр дарга чинь томилгоо нь хоёулаа илээр явсан.

-Гэхдээ Б.Бат-Эрдэнэ дарга хуралдааны үеэр горимын санал гараад дэмжигдээд явсан болохоор Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж тайлбарлаж байгаа?

-Байнгын хороо Үндсэн хуулийг зөрчье гэж санал хурааж болохгүй.