Өнөөдөр 2010.10.26

Улстөрч ярьж байна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан хүчний холбоо/АХХ/-ны ерөнхийлөгч З.Энхболдтой ярилцлаа. Ирэх сард АН-ын ҮЗХ-ны хуралдаан болох юм. Хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг ҮЗХ-ндоо тавьж, АН-ын даргын төлөө өрсөлдөх болно гэдгээ тэрбээр мэдэгдэж байна.
-АН хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон гэж Та үзэж байна уу?
-АН сөрөг хүчин болвол ажил явахгүй гэсэн буруу ойлголтыг тодорхой зорилгоор нийгэмд бий болгохыг оролдож байна. Татварын хуулийн өөрчлөлт зэрэг манай намыг сөрөг хүчин байхад Монгол Улсын эрх ашигтай холбоотой олон асуудал нааштайгаар шийдвэрлэсэн юм. Монголчуудын эрх ашигт нийцээгүй учраас л  Оюутолгой, Тавантолгойн асуудал цаг алдаж шийдэгдсэн. АН сөрөг хүчин байгаагүй бол маш олон алдаатай шийдвэр гарах байсан.
2008 оны сонгуулиар ард түмэн АН-д сөрөг хүчин байх эрх өгсөн. МАХН дангаараа эрх барих үүрэгтэй. Олонх нь засгийн эрх барина гэсэн Үндсэн хуулийн заалттай. Хамтарлаа гээд шийдэгдсэн гэх бодитой зүйл алга. Сайд болох хүсэлтэй АН-ын хүн байж болно. Гэхдээ тэдний хүслээс хамаарахгүйгээр ард түмэн сонголтоо хийсэн. Хуульд захирагдаж ажиллана хэмээн бид тангараг өргөсөн хүмүүс байтал өдийг хүртэл стандарт бус Засгийн газартай ажиллаж ирлээ.

-Ирэх сард ҮЗХ хуралдана. Түүгээр та энд ярьж байгаа асуудлаа хэлэлцүүлнэ гэсэн үг үү?
-Гаргаж тавина. Дэмжлэг авах, авахгүй нь АН-ын удирдах байгууллагын мэдэх хэрэг.
-Намын даргын асуудлыг хэлэлцэх тухай ярьж байгаа. Таны нэр өрсөлдөөний эхэнд яваа юм билээ…
-Намын  дарга өргөдлөө өгвөл чөлөөлөх дүрэмтэй. Н.Алтанхуяг даргыг Их хурлаар баталгаажуулах ёстой байсан  ч тэгээгүй. ҮЗХ-ны олонх намын ажил муу байна гэвэл удирдлагаа солих байх. АН-ын дарга нь МАХН-ын даргын үгээр “гүйгээд” байна гээд удирдлагаа чөлөөлөх асуудал тавьбал би даргын төлөө өрсөлдөнө. Надад итгэл үзүүлбэл хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Намын дарга болоод дараагийн сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага хүлээж ажлаа өгнө. Амжилттай оролцвол улс орны удирдлагыг АН дөрвөн жил атгана. Ардчиллын энгийн жишээ ийм л байдаг.
-Н.Алтанхуяг даргыг өргөдлөө өгөхгүй гэвэл яах вэ. Итгэл үзүүлэх эсэхээр санал хураалт явуулах боломж байгаа юу?
-Ц.Элбэгдорж намын даргын ажлаа өгөхдөө өргөдлөө өгсөн. Н.Алтанхуягийг сонгохдоо Их хурлаар баталгаажуулах байсан юм. Тэр нь хийгдээгүй. МАХН-ын даргатай адилхан шүү дээ. С.Батболдыг Бага хурлаас намын даргаар сонгосноо Их хурлаараа баталгаажуулах гэж байна. Манайх ч ийм л дүрэмтэй. Ингэж байж дархлаа тогтоно.
-АН ажиллаж байгаа юм биш үү?
-МАХН-аас ялгагдахгүй болсон. Хоёр, тэс өөр үзэл баримтлалтай нам шүү дээ. Дэлгүүрийн лангуун дээр улаан, цэнхэр, ногоон өөр өнгийн олон нам байна. Сонгууль гэдэг олон өнгөнөөс сонгохын л нэр. Дандаа улаан өнгөнөөс сонголт хийх ямар ч боломжгүй. Ялсан, ялагдсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан нь  ардчиллын үнэт зүйлийг үгүй хийх аюул үүсгээд байгаа юм.
-“Зарим нэг хүн намын дарга болно гээд гээд өдөр, шөнөгүй зүүдэлж, сурталчилгаа хийгээд байгаа нь АН-д ашигтай зүйл биш” гэсэн Н.Алтанхуяг даргын энэ үгийг Танд асуулт болгож тавьж байна. Танд зориулсан байхыг үгүйсгэхгүй?
-АН ямар даргатай байхаа ардчилсан журмаар шийддэг. Хэн нэгэн хүний хүслээр болохгүй. Би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ кампанит ажлаа хараахан эхлээгүй байна. Ажлаа эхлүүлчихвэл хүмүүс ойлгоод эхлэх байх. Би АН-ын дарга байсан бол өнөөдөр АН ийм байхгүй байх байсан. З.Энхболд юугаараа Н.Алтанхуягаас илүү юм гэдгийг намынхаа 100 мянган гишүүнд ойлгуулахын төлөө ажиллана.
-З.Энхболд нарын хүн гэхээсээ илүү АХХ-ныхон  намын одоогийн удирдлагад сэтгэл хангалуун биш юм байна гэж ойлгож байна…
-Зөвхөн АХХ холбоо биш. Намын гишүүдтэй уулзаж байхад бөөн бухимдал байна лээ. Дээрээ хамтарсан байж. Тэгвэл доод шатанд ардчилсан үзэлтэй хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгааг гишүүд, дэмжигчид хэлж байна. Ардчилсан үзлээрээ бахархах биш айдаг болж эхэллээ.
Айлын халаасны өрөөнд амьдардаг хүмүүс ийм зовлонг маш сайн мэднэ. Тэр айлынхаа эзний үгээр л байдаг биз дээ. Хамтарсан Засгийн газраас гарахгүй бол тийм л юм болно. Үүнийг хүсээд байгаа юм уу гэж би хэлээд байсан. АН-ын эрх мэдэлгүй хэдэн сайд нар л байна.
-Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрийг ҮЗХ-ны олонхийн саналаар  гаргаж байсан. Өнөөдөр яагаад үүний эсрэг агуулгатай зүйл ярих болов?
-Түүнийг эргэж харах цаг болсныг ярих ёстой. Мөнхийн шийдвэр гэж байдаггүй. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа. Тэд нарын хамтрагч болох МАХН 2012 оны сонгуулийнхаа бэлтгэлд ороод дөрвөн сар болчихлоо. МАХН-ын амласныг нь биелүүлэхийн төлөө сөрөг хүчний үүргээ биелүүл гэж л ард түмэн АН-д эрх өгсөн шүү дээ.
-Хамтарсан Засгийн газар байгуулах шалтгааныг С.Баяр, Н.Алтанхуяг нар хангалттай тайлбарласан. Түүнийг нь үндэслэлгүй гэж үзэж байна уу. Улс оронд үүсээд байсан улс төрийн нөхцөл байдлыг даамжруулахгүй нь тулд ийм зөвшилцөлд хүрснийг үгүйсгэхгүй?
-Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээ бий. Бид хэрэгжилтийг нь дүгнээд сууж байна. Бүх шатны сонгуулийн хуулийг өөрчлөх амлалт хэрэгжсэнгүй. Шударга сонгууль явуулахыг хүсэж байгаа бол сонгуулийн шинэчлэл хийх ёстой. Дахин долдугаар сарын 1-нийг давтахгүй нь тулд хуулийг өөрчлөх ёстой. Хугацаа бага үлдлээ.
Байнгын хорооны дарга, сайд нараа хувааж авна. Малдчдыг гар утастай болгоно гэсэн гуравхан л зүйл биелжээ. Өөр хэрэгжсэн зүйл алга. Тэгэхээр яаж сайн байна гэх юм.
-Хамтарсан Засгийн газар байгуулаад  хоёр жил болжээ. Та нар зорилгодоо хүрвэл ирэх сараас хойш МАХН, АН өөр өөрийн байран дээр очих нь. Өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг эрх баригч, сөрөг хүчний харилцааны үед үзүүлж чадах уу? Хамтдаа олсон амжилттай та эвлэрэхийг хүсэхгүй байгаа бололтой.
-Миний хүсэл биш хууль ийм юм. Эрх баригч, сөрөг хүчин Монголын улс төрд зайлшгүй байх ёстой тогтолцоо. Энэ нь алга болчихоор машин гацаад эхэлчихлээ. Сонгуулийн хуулийг шинэчилнэ гэсэн амлалт, мөнгөний бодлого хэрэгжээгүй байна.
Гэр хорооллыг хотхон болгож хөгжүүлье гэвэл шинээр юу ч сэтгэх хэрэггүй.  Монголбанкнаас Засгийн газар жилийн нэг хувийн урт хугацааны зээл аваг. Түүнийг барилгын компанид өгөхгүй. 30 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй зээлээр Дорж, Дондог нар өөрөө байрандаа орог л дээ. Тэгвэл тэд цалингаараа зээлээ төлж чадна. Мөнгөний ийм бодлого хэрэгжүүлэхгүй бол явахгүй. Ингэж байж юм өөрчлөгдөнө. Жилийн 20 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж чадахгүй.
-Та байр сууриа ингэж илэрхийлэхдээ нийгмийн олонхийн санаа бодлыг хэр судлав. Хамтарсан Засгийн газрыг ард түмний дийлэнх нь дэмжээд байгаа тухай таны нөгөө талд яриад байгаа хүмүүс бий?
-Олонхиороо нийлээд Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй биз дээ? Хувьсгалын дараа Сибирьт нэгэн санал хураалт болж. Дэлхий хавтгай юу, бөөрөнхий юу гэсэн чинь олонх нь хавтгай гэж гар өргөсөн тухай онигоо шиг яриа байдаг.  Хууль дээдэлж, хуулийн өмнө бүгд тэгш амьдрах нь ардчиллын үндсэн зарчим. Төрийн байгууллага зөвхөн хуулийн хүрээнд л ажиллах ёстой.
-Намын гишүүд Засгийн газраас АН-ыг гарахыг дэмжиж байгааг хэллээ. Таны нөгөө талд Н.Алтанхуяг тэргүүтэй удирдлага байна. Тэд ч намынхаа нэг хэсгийн илэрхийлэл…
-Бид адилхан л гишүүдийнхээ илэрхийлэл. Гэхдээ хэний зөвийг санал хураалтаар шийднэ. ҮЗХ дөхөхөөр хэвлэл мэдээллээр дамжуулж би гишүүддээ сурталчилгаагаа явуулна. АН-ын удирдлага буруу ажиллаад байна гэсэн үзэл бодлоо илэрхийлнэ.

Го.ЭНХТӨР