Улс төрийн тойм 2010.10.8

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та ер нь Авлигатай тэмцэх газарт итгэдэг үү. Дарга нь хэн бэ гэдгийг нь бүр бодохгүй орхилоо гэхэд шүү дээ?

-Дарга нь хэн байгаагаас гол асуудал нь болоод байна. Дарга нь дүрэм журмынхаа хүрээнд ажилладаг, авлигыг бууруулж чаддаг байсан бол хэн ч юм хэлэхгүй. Төрийн одон медаль өгөөд явахад ч болно. Гэтэл дарга нь авлигатай биш, ан гөрөөтэй тэмцээд байна.

-Ямар ан гөрөө вэ?

-Төсвөөсөө 45 сая төгрөгийг “Аянчин” гэдэг ангийн дэлгүүр рүү шилжүүлж баахан майхан, аяны хөнжил гээд олон юм авсан байна лээ. Тэрийг нь хэлж байна. Үндсэндээ ажлаа хийгээгүй. Ажлаа хийдэг байсан бол Монголд авлига буурах байсан. Гэтэл тэгээгүй. Манай авлигын үзүүлэлт Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар харин ч хойшоо ухарсан. Яах гэж жилд гурван тэрбум төгрөг зарцуулж, прокурорт өгдөг мөнгөнийхөө талыг зарцуулж байгуулсан юм бэ. Авлигатай тэмцэх гэж л биз дээ.

-Яах вэ дээ, жаахан хошин маягаар тодруулахад тэр аяны хэрэгсэл энэ тэрийгээ тусгай ажиллагаанд хэрэглэсэн байж болох юм биш үү. Угаасаа л нууцаар ажилладаг байгууллага биз дээ. Тэд “Манай ажил бол их онцгой” гэдэг шүү дээ?

-Хууль бол хууль шүү дээ. Хуулиар аяны хэрэгсэл авах, өөртөө байр авахыг зөвшөөрөөгүй. Тэгэхээр хуулиар зөвшөөрөөгүй зүйлийг улсын мөнгөөр авна гэдэг бол хууль зөрчиж байна л гэсэн үг. Байнгын хороон дээр бас их сонин, сонин юм ярьсан байдаг юм. Манайханд томилолтын мөнгө олддоггүй учраас манайхан майхнаа бариад явдаг ч гэх шиг.

-Тийм тохиолдол байсан юм байлгүй гэх цайруулсан бодол төрж байна уу?

-Үгүй ээ, тийм үлгэрийн юм гэж байдаггүй байхгүй юу. Төрийн албан хаагчдад томилолтын мөнгийг нь хангалттай өгч байгаа. Загасанд л явсан юм байна лээ. Тэрийгээ нуух гэж тийм юм хэлж байгаа юм. Би тэрийг нь мэдэж байгаа байхгүй юу. Хэн хэнтэй, хэзээ хаашаа явсныг нь мэднэ.

-Баримттай гэж үү?

-Баримтсаад байх юм байхгүй ээ. Цуг явсан хүмүүс нь хэлдэг байхгүй юу.

-Орон сууц авсан тухайд Авлигатай тэмцэх газрын өмнөх дарга учир битүүлэг байдлаар амь насаа алдсан. Иймд би хуулийн хүрээнд хамгаалах арга хэмжээ авч шинэ байранд орсон гэдэг тайлбарыг Ч.Сангарагчаа дарга хэлж байсан?

-Хүн хүсэл мөрөөдлөө юу ч гэж ярьж болно. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэг ч зүйлд мөнгө зарцуулж болохгүй. Төсвөөс дур мэдэн байр авч болохгүй. Хуульд байгаа гэж үүнийгээ тайлбарладаг. Хуульд олон зүйл бий. Бүх 150 мянган албан хаагчаа байраар хангах тухай заалт бий. Гэхдээ улсын боломж болдоггүй учраас байр ав гэж мөнгө төсөвлөдөггүй. Тийм байхад авлигатай тэмцэх мөнгөөр байр авч болохгүй. Энэ бол маш ойлгомжтой зүйл.

-Шинэ байртай боллоо гээд тэр хүн бүрэн утгаараа өөрийгөө хамгаалуулж чадах уу. Мөн тусгай хамгаалалтын шаардлага Авлигатай тэмцэх газрын даргад байдаг юм болов уу?

-Ямар ч шаардлага байхгүй. Авлигатай тэмцдэг хүнд хамгаалалт хэрэгтэй байж магадгүй. Авлигатай тэмцдэггүй, анд явдаг хүнд ямар хамгаалалт хэрэгтэй юм бэ. Чи тэднийхний шийдсэн хэргээс надад нэрлээд өг л дөө. Тэд хэн гэдэг авлигачийг шоронд хийсэн юм бэ. Хэл л дээ.

-Л.Гүндалай гишүүний хэргийг илрүүлсэн гэдэг?

-Тэр нь шүүхээр нотлогдоогүй байгаа.

-Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяртай холбогдох маргаан байна?

-Шүүх тэрийг нь цагаатгасан. Тэдний хийсэн бүх ажил ийм тайлбартай л байгаа.

-Хууль зүйн байнгын хороогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар хэлэлцэхдээ санал хураалтыг хаалттай явуулсан. Үүнийгээ Дэгийн тухай хуульд энэ талын тодорхой заалт байхгүй учраас УИХ-ын гишүүний бүрийн эрхийн тухай асуудлыг хэлэлцдэг зарчмаар нууц санал хураалт явуулсан гэж тайлбарлаад байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Үгүй ээ, нээлттэй гэж заалт байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа бүх хүний асуудалд нээлттэй гэсэн зарчим байдаг. Ч.Сангарагчаа УИХ-ын гишүүн болчихсон юм уу. Үгүй бол УИХ-ын гишүүнтэй адилтгаж болохгүй. Түүнийг ард түмнээсээ мандат авсан гишүүнтэй адилтгаж үзэж болохгүй. Энэ бол тусдаа асуудал. УИХ-аас томилогддог бүх хүнийг ил тодоор хэлэлцэх ёстой байдаг. Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуулиа зөрчиж, ил байх ёстой зүйлийг гар өргөж байгаад нууцаар санал хурааж шийдсэн. Үүнээс нь болоод чуулган дээр асуудал үүсээд байна.

-Таныг өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр “халхавч”-аа илрүүлсэн гэдэг асуудал ярьсан гэж сонссон?

-Та нар байнгын хороон дээр ярьсан асуудлыг яаж мэдэж байгаа юм бэ.

-Хүнээс дуулсан юм?

-Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж байдаг. Тэр хуулийг зөрчсөн байсан. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хууль зөрчих нь зөрчсөн байна. Гэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэдэг сонин шийдвэр гаргасан. Нэгэнт хууль зөрчсөн нь нотлогдсон бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд л явах ёстой. Гүйцэтгэх ажлын тухай хууль гэдэг бол маш ойлгомжтой хууль. Тагнуул, авлига, цагдаа, хилийн цэрэг, шүүх, гадаад тагнуул гэсэн энэ байгууллагууд замбараагүй гүйцэтгэх ажил явуулахгүйн тулд Тагнуулын газарт зангидагддаг. Тэдний үйл ажиллагаа бүгд өөрийн хил хязгаартай байдаг. Гэхдээ ямар ч байгууллага төхөөрөмж авсан бол хилээс авахуулаад бүх үйл явцыг бүртгүүл. Бүртгэгдсэн төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуул гэж байдаг. Тэр журмыг Тагнуулын ерөнхий газраас гаргаж өгдөг. Нууц ажилтнуудынх нь бүх мэдээлэл Тагнуулын ерөнхий газарт байдаг. Яагаад тэгж байна гэхээр нэг хүн зургаан байгууллагад ажиллаад цалин авч болно шүү дээ. Энэ үүднээс нь хуульчилж өгсөн байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газар тэр бүх хуулийг зөрчсөн. Ажилтнуудынхаа нэгдсэн жагсаалтыг өгөөгүй. Тоног төхөөрөмжөө бүртгүүлээгүй. Гүйцэтгэх ажлынхаа талаар мэдээлээгүй.

-Хилээр бүртгүүлээгүй чагнах төхөөрөмж оруулж ирсэнд Ч.Сангарагчаа дарга л хариуцлага хүлээх ёстой юу?

-Өөрөө л хариуцлага хүлээнэ. Яагаад бүртгэлгүй төхөөрөмж оруулж  ирсэн зорилго нь ойл­гомжтой биз дээ.

-Ч.Сангарагчаа даргыг хамгаалах сонирхол МАХН-ын гишүүдэд байгаа нь илт анзаарагддаг. Та шалтгааныг нь яаж харж байна?

-МАХН-аас өөрөөс нь асуу. Угаасаа хамгаалаад байгаа хүмүүс нь бий. Шалтгааныг нь тэднээс өөрсдөөс нь асуу. Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс очиж асуу. Би бол ажлаа хийдэггүй, хууль зөрчдөг хүнээс хурдан салаад ажил хийдэг хүн тавих ёстой л гэж бодож байгаа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын талаар танд шинэ мэдээлэл байна уу?

-Би энэ талаар сониноор хэлсэн дээ. Нэгд, үүрэг гүйцэтгэсэн хүн буруудах ёсгүй. Иймд хүнээ авчрахын тулд бүхий л талаар  хөөцөлдөж байгаа. Гадаад харилцааны яам ажиллаж байна. Хоёрдугаарт, тэр үед хууль зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаараа тухайн удирдлага нь тайлбар өгөх ёстой. Хууль зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцох хэрэгтэй.

-Танаас нэгэнт ярилцлага авч байгаа болохоор таны тэргүүнээр нь ажиллаж байгаа Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааны талаар тодруулмаар байна. Холбоо ажиллаж байгаа юу?

-Бид дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Удахгүй танай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын тов тодорно. Хурлаар танай холбоо өмнө нь тавьж байсан асуудлуудаа тавих уу?

-Тавина.

-Гол зангилаа нь хаашаа чиглэх бол. Анх бодлого тодорхойлж байсан шигээ намын даргын асуудлыг ярих уу?

-Надад үзэл баримтлалаа мэдэхгүй намын даргын сонинд өгсөн ярилцлагууд таалагдахгүй байгаа. Тэрийгээ мэддэг, зорилготой улсууд энэ намд зөндөө байна. Тэгэхээр намын даргын сонгууль явуулах хэрэгтэй. Ажлаа мэддэг хүнээ тавих хэрэгтэй. Либерализм, консерватизм гэдгээ мэдэхгүй тийм даргатай бид хол явахгүй.

-Ганц нэг гишүүний зүгээс Ардчилсан намын дарга хэн болж болох вэ гэж бодохоор манай нам үнэндээ лидерийн дутагдалд орчихсон байна. Хайгаад үзэхэд З.Энхболд гишүүн бас байж болох л юм гэдэг яриа гарч байсан?

-Үндэсний зөвлөлдөх хороон дээр намын даргын тухай асуудал яривал би мэдээж нэрээ дэвшүүлнэ. Би тэр либерализм, консерватизмын төлөө байдаг хүн. Барууны үзэл бодолтой. Намууд хоорондоо үзэл баримтлалын ялгаагүй болчих юм бол сонгууль явахаа болино. Сонгууль байхгүй бол ардчилал байхгүй болно. Сонголт гэдэг хоёр, гурван өөр зүйлээс сонголт хийх тухай ярьдаг. Бүгд адилхан улаан өнгөтэй болчихвол сонголт хийх боломжгүй болно. Ардчилсан нам гэдэг дундаж ангийг төрүүлэх, айл бүрийг боломжийн амьдралтай болгохын төлөө төр нөхцлийг нь бүрдүүлдэг байхын төлөө нам. Төрийн албаны 150 мянга гаруй албан хаагчийг байх хэрэггүй гэж үздэг үзэлтэй улс төрийн хүчин. Ардчилсан нам барууны орнуудын мөрөөдөөд ч хийж чадаагүй бүх хүн адил тэгш татвар төлдөг тэр бодлогыг хэрэгжүүлж чадсан. Энэ бол цэвэр барууны онол. Бид энэ үзлээрээ бахархдаг. Одоогийнх шиг замбараагүй байж болохгүй. МАХН бол хөдөлмөр эрхлэлтийг шууд халамж гэж ойлгож байна. Бид бол хөдөлмөр эрхлэлтийг хүний хувийн хэрэг гэж үздэг. Ингэхдээ боломжийг нь нээж өгөх ёстой гэж үздэг.

-Тэгэхээр намын даргыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэсэн үг үү?

-Барууны үзэл гэдгээ ойлгохгүй намын даргатай байгаад байж болохгүй.

-Гэхдээ энэ үзлийг ойлгодог, энэ үзлээ хамгаалж чаддаг ч гэсэн таныг дэмжих хүн хэр байгаа бол. Хувь хүний тань хувьд намд байгаа олон бүлэглэл, фракцийг нэгтгэж, удирдаад явахад аяг аашийг нь олохоос эхлээд хэцүү гэх яриа байдаг юм билээ?

-Нам гэдэг бол нэг үзэл баримтлал дор нэгдсэн хүмүүсийн л цуглуулга. Тэрийгээ л баримталж явна уу гэхээс бус бүлэг, фракцид тааруулж байна гээд үзэл бодлоосоо ухраад байж болохгүй. Байх ёстой юм байх ёстойгоороо л байх ёстой болохоос бус байж ч болдог, байхгүй ч байж болдог тийм улцгар байж болохгүй.

-Гол нь таны энэ бодлыг дэмжихгүй намын гишүүд байвал яах вэ?

-Бүгдээрээ л энэ намын барууны үзлийг дэмжинэ гэж гишүүн нь болоо биз дээ. Өчигдөр Д.Лүндээжанцан гишүүн зурагтаар “Манайх үзэл баримтлалын эрэл, хайгуулд олон жил явж байна” гэж ярьж байна лээ. Тэгвэл манай нам МАХН шиг тийм эрэлд яваагүй. Манай намын үзэл баримтлал 2000 оноос хойш маш тодорхой болсон. Үүний үр шимийг ч Монголын ард түмэн хүлээж байгаа.

-Гэхдээ зарим улстөрч баруун, зүүний улс төрийн хоёр хүчин Засгийн газрыг хамтарч байгуулснаар нэг нэгнийхээ бодлогын алдааг нөхөөд их сайн ажиллаж сайхан зүйл бүтээгээд байна гэж тайлбарлах юм билээ?

-Чи Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хараа биз дээ. Баруун, зүүн жигүүрийн гишүүд өөр өөрсдийнхөө үзэл баримтлалаар л хандаж байсан шүү дээ. Гэхдээ асуудлын гол нь баруун, зүүн гэдгээсээ илүү ялсан, ялагдсан хоёр нам хамтарч засаг барьж байгаад байгаа юм. Ингэж хамтраад Засгийн газар байгуулаад байх юм бол сонгууль явуулж яах юм бэ. Дараагийн удаа сонгууль явуулсан болоод л дахиад хамтраад засгаа байгуулна биз дээ. Энэ нь өөрөө хариуцлага гэдэг зүйлийг устгаад байна. Нийлээд засаг барихаар хэн нь хариуцлага хүлээх юм бэ гэдгийг ойлгомжгүй болгоод байна.

-Нийлээгүй байлаа гэхэд танайхан ажлыг нь хийлгэхгүй, татаж унагаад байх байсан юм биш үү?

-Ардчилсан нам нураахын төлөө нураагаад байсан юм байхгүй. Хүмүүс худлаа тэгж үлгэр зохиодог юм.

Г.ОТГОНЖАРГАЛ