Нийгмийн толь 2010.7.23

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо олон чухал асуудал шийдвэрлэж чадсан байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийг баталжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий консулын газар АНУ-ын Сан Франциско, Японы Осака, Хятадын Гонгконг хотод нээгдэхээр болсон байна. Энэ мэтчилэн олон асуудал батлагдсаны дотор  Чех улсад амьдарч буй иргэд тэтгэвэрээ авдаг байхаар болсон байна. Түүнчлэн хаврын чуулганы отгон хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталсан билээ.
Байнгын хорооны дарга З.Энхболд “Энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд өмнөх үеийнхээс хамгийн ачаалалтай ажилласан. Мөн олон чухал асуудлыг шийд-вэрлэлээ. Хоёр удаагийн парламентад сонгогдлоо. Харин энэ удаад хамгийн үр дүнтэй чуулган боллоо гэж миний хувьд дүгнэж байна. Монгол Улсын хөгжлийг 5-15 жилээр тодорхойлох олон асуудал шийдвэрлэлээ”  хэмээн хурлын эхэнд онцолсон юм.

Түүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Отгон хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталсан. Үүнд өмнө нь байгаагүй хэд хэдэн заалтыг нэмж оруулсан гэл үү?
-Зарчмын өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, төр аюулгүй байдлыг дангаар хангахаар байсныг өөрчлөн иргэдийн үүрэг оролцоог нэмэн оруулсан.
Засгийн газрын ажил хийх цаг нь үлдсэн. Мөн хүний аюулгүй байдлыг хангах нэмэлт заалт тусгагдсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах баталгааг чухалчилж тусгайлан шинээр бүлэг оруулснаараа нэлээд онцлог болсон.
-Үндэсний  аюулгүй  байдлын үзэл баримтлалд терроризмыг хэрхэн тусга-сан бэ. Арабын орнуудаас Монголд тэр чиглэлээр санхүүжилт хийгдэж байгаа гэх яриа байна?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг “Төрийн мэдээ эмхтгэл” сэтгүүлд гаргана. Түүнээс тодруулж хараарай. Би аль нь хаагдаж, аль нь нээгдснийг сайн мэдэхгүй байна. Мэдээж, терроризм анхаарах асуудлын нэг мөн. Бид тайван улсад аж төрж байгаа хэмээн үргэлж өөрсдийгөө тайвшруулдаг. Гэхдээ болзошгүй аюулд бэлэн байх шаардлага төрийн бүх байгууллагуудын үүрэг. Харин энэ удаад Үндэсний аюулгүй байдал иргэд, төрийн бус байгууллага бүгдийнх нь ажил болж хувирлаа.
-Иргэд хууль зөрчвөл шийтгэл хүлээдэг. Хариуцлагын механизм нь ч то-дорхой. Харин УИХ хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээдэг юм бэ. Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг хугацаанд нь шийдвэрлэлгүй хууль зөрчсөн гэх асуудал хөндөгдөх боллоо. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй.  Гэхдээ гэмт хэрэг хийсэн бол шалгуулж, үнэн мөнийг хурдан тогтоох ёстой гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа.  Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудал дээр байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс эхлээд янз бүрийн л тайлбар хийх боллоо. Тодруулах  зүйл байна ч гэх шиг. Тийм  зүйл  хуульд байхгүй. Хуульд заасан 14 хоногийн хугацаанд түдгэлзүүлнэ, эсвэл түдгэлзүүлэхгүй гэсэн хоёр шийдвэрийн нэг л гарах ёстой. Энэ хугацаа нэгэнт өнгөрсөн. УИХ ч хууль зөрчсөн. Ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа байнгын хорооны даргад энэ асуултыг тавих нь  зүйтэй. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Хаврын  чуулганаар  олон асуудал шийдвэрлэсэн  хэмээн байнгын  хорооны дарга нар “онц” тавих боллоо. Гэтэл гол асуудлуудаа  орхигдуулж, аар саар зүйлээр зууралдчихаад ийм хариулт өгч байгаа нь хэр зохимжтой юм бол. Сонгуулийн тухай хууль, Авлигатай тэмцэх газрын толгой дарга на-рыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх эсэх зэрэг томоохон асуудлаа харин ч шийдвэрлэж чадаагүй юм биш үү?
-Мэдээж, бүх зүйл сайхан байгаагүй. Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг 14  хоногийн  дотор   шийдвэрлэх ёстой байсан. Харамсалтай нь шийдвэрлээгүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай болдог учраас дотор яригдсан зүйлийг ярих эрхгүй. Гэхдээ аль ч байнгын хороонд МАХН-ын гишүүд олонх байдаг. Тэд шийдэхгүй гэвэл шийдэхгүй л байдаг юм билээ.
-Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар батална хэмээн ташуурд-сан. Иймдээ ч Хамтарсан Засгийн газрын хэмжээнд хүртэл хоёр нам тохи-ролцсон биш үү. Гэтэл хаана, ямар асуудал дээр гацчихсан юм бэ?
-Сонгуулийн тухай хууль хоёр зүйлээс шалтгаалж гацсан. Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлэг Сонгуулийн тухай хууль дээр холимог 26:50 гэсэн хувилбарыг дэмжсэн. Гэхдээ тухайн хүнд өгсөн саналыг намд нь оруулахгүй гэсэн АН-ын саналыг МАХН хүлээн зөвшөөрөөгүй. Жишээ нь, Дорж гэдэг хүнд өгсөн саналыг МАХН-д өгсөн санал гэж  тооцож 50 суудлын хувь заяаг шийдэх нь буруу. Тухайн хүн “Би Дорж гэдэг хүнд өгсөн болохоос МАХН-д саналаа өгөөгүй” гэж маргавал энэ хууль гацах аюултай. Тийм учраас сонгогчдын саналыг яг өгснөөр нь тусгая. Намыг дугуйлуулдаг болгоё гэсэн байр суурийг АН эрхэмлэж буй.
Тухайлбал, Лу.Болд гишүүний өргөн барьсан хуульд нам, хүн хоёрыг хоёуланг нь дугуйлдаг.
Санал зөрөлдөөд байгаа дараагийн асуудал нь 26-д орсон хүн нийт 50-ынхаа жагсаалтад багтах ёстой. Гэтэл МАХН үүнийг эсэргүүцээд байгаа. Намынхаа төлөө тойрог дээр халз үзэж, хөдөлмөрөө шавхсан хүний үр дүнгээр дараагийн 50 суудал эзнээ олно. Гэтэл өнөөх хөдөлмөр гаргасан хүнээ тойргийн гадна үлдээнэ гэдэг тохиромжгүй.
-Ардчилсан намын саналаар бол 26-д үзээд унасан ч 50-иар гараад ирэх шаанстай гэсэн үг үү?
-Тийм. Ардчилсан намаас гаргасан саналыг МАХН “үгүй” гээд толгой сэгсрээд байгаадаа гол учир нь бий.
-Хүнд өгсөн саналыг намд тооцно гэхээр Үндсэн хууль зөрчсөн асуудал болох уу?
-Үндсэн хууль зөрчинө гэж миний  хувьд үзэж байгаа. Учир нь Дорж гэдэг хүнд санал өгсөн болохоос МАХН-д өгөөгүй байхгүй юу. Германы Үндсэн хууль манайхтай ойролцоо. 26:50 буюу нам, хүн дугуйлдаг нь Германы сонгуулийн хууль шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үзэж байгаа юм. Лу.Болд гишүүний боловсруулсан хуулийн төслийг Б.Чимид гуай хийж өгсөн юм. Тэр хүн ч энэ нь Үндсэн хууль зөрчихгүй гэсэн.

Л.НИНЖСЭМЖИД