Зууны мэдээ 2010.7. 19

Хаврын чуулган завсарласан ч Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон нэлээд ажилтай байх нь. АТГ-ын даргын асуудал, Ашигт малтмалын аж ахуйн нэгжүүдэд хийх шалгалт гээд  завсарлагааныг завгүй өнгөрөөх юм байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Чуулган завсарлалаа. Энэ хугацаанд ямар ажил амжуулах вэ?
-Чуулган завсарлана гэдэг байнгын хорооны үйл ажиллагаа завсалана гэсэн үг биш. Байнгын хороо завсарлаггүйжил тойрон ажилтай байдаг. Чуулган руу орохгүй асуудлуудаа хэлэлцдэг. Шаардлагатай тохиолдолд гишүүдийнхээ  ирцийг харж байж  хуралдаанаа хийж болно. Улаанбаатар хотын газар олголттой холбоотой шалгалт, гадаад өр зээлийн гэрээ хэлэлцээртэй холбоотой ажил дуусаагүй байна. Монгол Улсын олон улсын бүх гэрээнд мониторинг хийж байна. Мөн Хууль зүйн байнгын хорооноос АТГ-ын тагнасан, шагнасан, гүйцэтгэх ажлын биелэлтийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэдэг хүсэлтийг манай Тусгай хяналтын дэд хороонд ирүүлсэн. Байнгын хорооны гишүүд  хилийн цэргийн ангиуд, томоохон уурхайдаар явж ажилтай нь танилцана.
-АТГ-ын тагнасан чагнасан, гүйцэтгэх ажлын биелэлтийг шалгаж дуусгаад намрын чуулганд танилцуулах уу. Эсвэл байнгын хороогоор хэлэлцээд шийдэх үү?
-Намрын чуулган, байнгын хороог хүлээлгүйгээр Тусгай хяналтын дэд хороо өөрөө шалгалтаа хийгээд Хууль зүйн байнгын хороо руу явуулна. УИХ хуульд заасан хугацаа буюу 14 хоногийн дотор АТГ-ын даргын асуудлыг шийдэх ёстой байсан ч үүргээ биелүүлсэнгүй.
-Засгийн газраас Зоос банкны өр болох 100 тэрбум төгрөгийн өрийг төсвийн алдагдалд тооцон энэ хэмжээний бонд гаргах хүсэлтээ УИХ-д тавьсан ч хүлээж авсангүй. Ер нь хувийн хэвшлийн өр төлбөрийг ийм маягаар төр даагаад байж болох уу?
-Төсвийн хөрөнгөөр хувийн банкны алдагдал төлөх буруу. Хувийн банк дампуурсан бол  банк байгуулсан нөхдүүд хариуцлага, хохирлоо үүрэх ёстой. Тэгэхээр төсвийн мөнгө гэдэг хэн нэгэн буруу үйлдэл хийсэн хүний хариуцлагыг хүлээх ёсгүй. Энэ утгаар гишүүдийн олонхи зөвшөөрөөгүй байх. Банкны ажиллуулах  ноолуурын бизнес эрхлэхтэй ялгаагүй л бизнес. Банкны бизнес  маш эмзэг болохоор нарийн зохицуулалттай байдаг. Банкны үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хүн мөнгөө төв банкинд өгч түүндээ таарсан  үйлчилгээ явуулна. Хэрэглэгчдээ хохироовол төв банкинд хадгалуулсан мөнгөөр алдагдлыг нь нөхөж өгдөг. Ноолуурын үйлдвэрээс ялгаатай нь энэ. Ноолуурын  үйлдвэр дампуурлаа  гэхэд төрөөс мөнгө өгдөггүйтэй адил хувийн банк дампуурлаа гэхэд улсаас мөнгө өгөх буруу.
-Банкны бүтцийн өөрчлөлтийг Засгийн  газраас руулж ирэхгүй  цаг алдаж байна гэсэн мэдээлэл байна. Энэ нь нөгөө л банкны салбарт хүндхэн байдал үүссэнтэй холбож ойлгож болох уу?
-Банкны бүтэц ямар байхыг хууль гаргаад шийдчих боломжгүй. Жам ёсныхоо хөгжлийн замаар явсан нь дээр.
-Иргэдийн хадгаламжинд  төрөөс баталгаа гаргасныг УИХ-аас хэлэлцэж нөхцлийг нь чангатгасан. Ингэх шаардлага байсан уу. Иргэд хадгаламжаа татаад эхэлвэл яах вэ?
-Хоёр жилийн өмнө арилжааны банкин дахь иргэдийн хадгаламжид төр баталгаа гаргасан. Энэ нь үр дүнгээ өгсөн байх. Тухайн үед санхүүгийн хямрал тохиолдоод хадгаламж гадагшлах  хүндхэн байдал бий болсон. Ийм үйл ажиллагааг цаг тухайд нь авч байх зөв ч хэмжээ хязгааргүй, хугацаагүй баталгаа гаргаж болохгүй. Тиймээс УИХ-аас нөхцлийг нь чангатгалаа. Цаашдаа банк санхүүгийн салбар хөгжсөн орнууд шиг даатгалын компани хадгаламжийг даатгадаг, шимтгэлийг нь банк нь төлж байдаг болох хэрэгтэй.
-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд Монголбанкны удирдлага  гадныхны үгээр  ажиллаж байгааг буруутгасан. ОУВС-аас төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр алдагдлыг хэдэн хувьд барь. Үгүй бол зээл тусгамжаа хязгаарлана гэсэн нь бухимдахад хүргэсэн юм болов уу?
-ОУВС огт хэрэггүй эсвэл бүх зүйл дээр тэдний хэлснийг харъя гэдэг хоёр туйл руу явж болохгүй. ОУВС-ын зөвлөгөөнд авах юм бий, авахгүй ч юм бий. Өөрийн ухаанаар явах хэрэгтэй. ОУВС-ын зааж өгснөөр явах юм бол Монголбанкны ерөнхийлөгч  гэж хүн томилох хэрэггүй. Энэ  орон тоогоо хэмнэж болно. Тэндээс зөвлөгөө ирэхээр нь хэрэгжүүлж байдаг хэдэн толгойгүй хүн байхад хангалттай.
-Хаврын чуулганаар хүүхдийн мөнгийг шийдсэнгүй гэх  гомдолтой гишүүд  байна. Гэтэл бүлгийн дарга нар мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгийг шийдсэн гэж хэллээ. Мөн АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Иргэдэд хүрч байгаа 10000 төгрөг төсвөөс байна уу Хүний хөгжил сангаас байна уу гэдэг гол нь биш” гэлээ. Үнэхээр тийм гэж та бодож байна уу?
-Хүний хөгжил сангаас өгч байгаа  10000 төгрөгийг хүүхдийн мөнгө гэж нэрлэе гэж байгаа юм билээ. Хүүхдийн мөнгөний агуулга өөр байсан. Хүний хөгжил сангийн хөрөнгө байгалийн баялгаас иргэддээ өгч байгаа  мөнгө. Нэг мөнгийг хоёр нэрээр нэрлэж иргэдэд өгч болохгүй. Хүүхдийн мөнгө төсвөөс өгөх ёстой. Эх үүсвэр нь хоёр тусдаа байх ёстой гэсэн байр суурь дээр байгаа. Ч.Сайханбилэг дарга хувийн бодлоо илэрхийлсэн байх.
-Даруйхан батлахаар яарч байсан бас нэг зүйл нь УИХ-ын сонгуулийн хууль. Намын бүлгүүд 26:50 хувилбар дээрээ тохирсон гэж байгаа ч гацаанаасаа гарч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Хэдийгээр зөвшилцөлд хүрэх бол?
-МАХН хүнд өгсөн саналыг цуглууж намд нь хуваарилъя гэдэг. Энэ нь Дорж гэдэг МАХН-ын гишүүнд  өгсөн саналыг цуглуулж байгаад дараагийн 50 хүнийг оруулж ирэхэд тооцох гээд байна. Сонгогч хүний төлөө санал өгсөн болохоос намын төлөө өгөөгүй гэж  Үндсэн хуулийн цэцэд зарга үүсгэх болно. Үүнээс зайлсхийхийн тулд намыг дургуйлаад 50 хүнийхээ суудлыг хувиар нь тарааж болж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчих гээд байвал өөрчлөлт оруулъя гэдэг саналыг манай намын зүгээс тавьсан. Сонгуулийн хууль ойлгомжтой байх ёстой. Сонгуульд  пропорциональ тогтолцооны элемент оруулвал 26 тойргийн мажориториар, үлдсэн 50 суудлыг пропорционалиар хуваах гэдэгтэй намын бүлгүүд санал нэгтэй байгаа. Гэсэн атлаа МАХН хүнд өгсөн саналыг намд өгсөн санал гэж тооцъё  гээд байгааг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Ийм маргаанаас болж сонгуулийн хууль гацаад байна.
-Нэг нь хүн дугуйлна,  нөгөө нь нам дугуйлна гээд байгаа нь хоёр намын хувьд өөртөө ашигтай хувилбарыг зүтгүүлээд байх шиг харагдах юм?
-Сонгуулийн аль ч систем бүх хүнд ижилхэн үйлчлэхээс хэн нэгэн болон аль нэг улс төрийн намд илүү үр дүн авчирна гэж бодож болохгүй. Бид сонгогчидтой шударга хандах хэрэгтэй. Сонгогч саналаа хүнд өгсөн бол хүнд, намд өгсөн бол намд л очих ёстой. Сонгууль ойлгомжтой байх хамгийн чухал. Дараа нь би Доржид санал өгсөн чинь МАХН-ын нэрийг нь ч сонсоогүй 20-30 хүн УИХ-д ороод ирлээ. Би МАХН өгөөгүй, зөвхөн Доржийг сонгож байна гэж бодсон гэж хэлнэ. Ийм эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж байснаас одооноос сайн муугаа яриад ойлгомжтой болгосон нь дээр.
-УИХ-аас Тавантолгойг ашиглах эрхийг Засгийн газарт өглөө. Энэхүү төсөлд та хэр сэтгэл хангалуун байна?
-Тавантолгойн төсөл маш боломжийн хувилбараар батлагдсан. Нэгдүгээрт, хуваагдахгүй,монголчууд дэлхийн хэмжээний нүүрсний компанитай болох боломж гарч байна. Тодорхой хувиа гадаадын хөрөнгийн бирж дээр арилжиж хөрөнгө босгоод тоног төхөөрөмж авч олборлолтоо явуулж эхлэх байх. Одоо бодоод байх цаг байхгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх л үлдсэн.
-Тавантолгойн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлнэ. Энэ нь үр ашгаа өгөх хангалттай хөрөнгө болж чадах уу?
-Хувьцаагаа насан туршдаа хадгалаад ногдол ашиг аваад явах нэг хэсэг хүн байгаа. Үнэ хүрч байгаа үед нь зарах сонирхолтой хэсэг ч бий. Гэхдээ уурхайг бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл заралгүй тэсч чадвал хувьцааны  үнийн дүн нь 10 дахин өснө. Харин хэзээ ногдол ашиг хуваах эсэх нь Засгийн газраас хамаарна. Хамгийн гол нь  дэд бүтэц хөгжөөд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр иргэдийн гар дээрх хувьцаа амилна. Түүнээс “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаа  цаасан дээрээ л байгаад байвал хэцүү.
-Таны бодлоор иргэд хэзээ үр шимийг нь хүртэж эхлэх бол?
-Тавантолгойн хувьцааг өөрийн нэр дээрээ бичүүлж авснаараа үр шимийг нь хүртэнэ. Харин үнэд орох, ногдол ашиг хуваахыг нь хүлээлгүйгээр зарвал энэ тухай бодоод ч хэрэггүй. Тэр болтол гурван жил орчим шаардлагатай болов уу.

Ц.Ургамал